Төсвийн урсгал зардлын задаргааг олон нийтэд ил тод болгох хуулийн өөрчлөлт санаачилжээ www.eagle.mn
Улсын төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээ, хөтөлбөр болон урсгал зардлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй задаргаатайгаар, нээлттэй файл хэлбэрээр олон нийтэд ил болгох зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.
Төсвийн төсөл, зардлын нарийвчилсан задаргааг олон нийтэд ил тод мэдээлэхгүй байгаа нь төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж хууль санаачлагч Н.Амаржин үзэж буй юм. Үүний жишээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банк, төрийн өмчит компаниудын тендер шалгаруулалт, автобус худалдан авалт болон төрийн тусгай сангуудтай холбоотой асуудлуудыг дурджээ.
Иймд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар дараах мэдээллийг дэлгэрэнгүй задаргаатайгаар олон нийтэд ил болгохоор санаачилжээ. Үүнд,
Улсын төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний төлөвлөгөө;
Улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрүүдийн зардлын задаргаа;
Урсгал зардлын дэлгэрэнгүй төлөвлөгөө;
Дээрх мэдээллийг олон нийт ашиглах боломжтой нээлттэй файл хэлбэрээр нийтлэх зохицуулалт багтаж байна.
Ингэснээр төсвийг батлахаас өмнө иргэд, аж ахуйн нэгжүүд зардлын төлөвлөгөөтэй нарийвчлан танилцах, төсвийн хөрөнгийг юунд, хэр хэмжээгээр зарцуулахаар төлөвлөж байгаад хяналт тавих боломж бүрдүүлэхийг зорьжээ.
Нийтэлсэн огноо2026-11-26





