Саарал жагсаалт ба Монгол Улс www.eagle.mn
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF өнгөрсөн баасан гаригт Монгол Улсыг саарал жагсаалтдаа орууллаа. Энэ үйл явдлыг тойрсон тайлбар, шүүмжлэл багагүй өрнөж байна. Улс төрийн өнцгөөс эсвэл эдийн засаг, санхүүгийн нөлөөлөл талаас нь, нэг бол жирийн бизнес эрхлэгчид болон иргэдийн хувьд саарал жагсаалтад Монгол Улс орсноор ямар эрсдэл бий болох вэ? Ямар үр дүн дагуулах вэ? Энэхүү таагүй жагсаалтад ороход нөлөөлсөн буруутнууд нь хэн хэн бэ? Эдгээр асуултад хариулахын тулд эхлээд FATF хэмээх байгууллагын тухай товч ойлголт өгье.
FATF гэж ямар байгууллага вэ?
Их долоо гэж нэрлэгдсэн улс орнууд 1989 онд хуралдаж мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг байгуулсан нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force /FATF/ юм. Тухайн үед дэлхийн улс орнуудад тулгарсан хамгийн том асуудал нь мансууруулах бодисын наймаанаас олсон хууль бус орлогыг хууль ёсны болгож харагдуулах явдал маш их гарч байжээ. Энэ нь уг байгууллагыг байгуулах нэг гол шалтгаан болсон ч гэдэг. FATF байгууллага Парист төвтэй боловч тодорхой бүс нутгууд хариуцсан салбар нэгжүүдтэй. Тэдгээр нь бүс нутгийнхаа Засгийн газрууд хоорондын хамтарсан баг бүрдүүлж харьяалагдаж буй улс орнууддаа үнэлгээ хийдэг юм байна. Үндсэн үйл ажиллагаа нь дэлхийн улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгөх явдал. Ингэхдээ улс орнуудын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур, үзүүлэлтээр дүгнэж зөвлөмж гаргадаг ажээ. FATF-аас өгсөн зөвлөмжийг улс болгон биелүүлэх үүрэг хүлээдэг.
Саарал жагсаалт ба Монгол Улс
FATF-ын зөвлөмжийг биелүүлэхгүй бол яах вэ?
FATF-ын зөвлөмжийн хувьд маш дэлгэрэнгүй бөгөөд тухайн улс орны Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой зааж, үүссэн эрсдэлт нөхцөлд байдалд олон талын ул суурьтай дүн шинжилгээ хийсэн байдаг аж. Хэрвээ FATF-ын зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “эрсдэлтэй”, эсвэл “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэдэг. Энэ бол асар том хориг арга хэмжээ. Тухайн улсын хувьд олон улсын санхүүгийн зах зээл бүхий л үүд хаалгаа хаана гэсэн үг.
Сүүлийн 20 гаруй жилд олон улсын хамтын нийгэмлэгт үүссэн том асуудал нь хууль бус орлогоос терроризмыг санхүүжүүлж буй явдал. FATF-ын үйл ажиллагаа үүнтэй тэмцэхэд чиглэдэг. Тухайлбал, FATF НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр хориг арга хэмжээ аваад байгаа улс орнууд руу гүйлгээ хийхийг хориглодог. Зөвлөмжид нь энэ талаар туссан байдаг аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг гэдэг бол тухайн улсад эдийн засгийн хувьд дарамт шахалт үзүүлж байгаа хэлбэр юм. Үүгээрээ НҮБ-аас гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдүүлэх, энх тайван байдлыг хангах зорилготой байдаг.
Монгол Улс FATF-т 15 жилийн өмнө элсчээ
Манай улс энэхүү Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад 2004 онд гишүүнээр элсчээ. Ингэснээр тодорхой үүрэг хүлээж, 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийг парламентаар хэлэлцүүлэн батлан гаргасан юм байна. Уг хуулийг 2013 онд шинэчлэн найруулсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. FATF Монгол Улсад анх 2007 онд үнэлгээ хийхэд 49 шаардлагаас 15-д нь муу, 21-д нь дунд үнэлгээ авчээ. Үүндээ тулгуурлан Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг жигдрүүлэх, банк, санхүүгийн байгууллагаас сэжигтэй гүйлгээний мэдээллийг тогтмол авч хянадаг болох, Эрүүгийн хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай ойлголтыг нарийвчлан тусгах зэрэг шаардлагуудыг тавьсан байдаг. Ингээд уг зөвлөмж, шаардлагуудынхаа биелэлтийг 2012 онд шалгаад хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Монгол Улсыг саарал жагсаалтад багтааж байсан юм. Ингээд жилийн дараа манай улс Балба, Киргизстан, Танзани, Кени улсуудтай “хөтлөлцөн” FATF-ын саарал жагсаалтаас гарсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Исланд, Зимбабе улсуудтай хамт саарал жагсаалтад оров.
Саарал жагсаалт ба Монгол Улс
Саарал жагсаалтад орох болсон шалтгаан юу вэ?
Энэ талаар олон нийтийн дунд янз бүрийн шүүмжлэл өрнөж байна. Ихэнх нь эрх баригчдыг буруутгаж буй. Эрх баригчдын авлигын гэмт хэргүүд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихлоо гэх мэт тайлбар олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Мэдээж үүнд эрх баригчид буруутай. Харин тэднийг буруутгах үндэслэл нь авлига хээл хахуулийн хэрэг нь үү, аль эсвэл бусад шалтаг шалтгаан бий юү? Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500-аад тэрбум төгрөгөө тайлбарлаж чадаагүйгээс, мөн Ил тод байдлын тухай хуулиар ДНБ-ээс 1.5 дахин их хөрөнгө шинээр бүртгэгдсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн үү?
Маш товчоор хэлэхэд манай улс гэнэт нэг өдөр л FATF-ын саарал жагсаалтад орчихож байгаа юм биш. Хоёр жилийн өмнөөс буюу 2017 оноос тус байгууллагын хараа хяналтад орж хатуухан сануулга, зөвлөмжүүдийг хүлээн авсан ажээ. Тухайн үед мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх чиглэлээр хийх ажлын талаар нийт 40 зөвлөмж өгсөн аж. Тэдгээр зөвлөмжийн 36-г нь Монгол Улс тодорхой хэмжээнд биелүүлжээ. Харин дөрвөн зөвлөмжийг хагас биелүүлсэн юм байна. Энэ нь саарал жагсаалтад багтах гол шалтгаан болж. Энэ талаар олон талын байр суурь, тайлбарыг хүргэе.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Нэмж эрсдэл гарахгүй. Тиймээс сандрах хэрэггүй
Саарал жагсаалт ба Монгол Улс-Хамгийн сүүлд FATF-ын харилцан үнэлгээний 9 хүнтэй баг Монгол Улсын Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тус байгууллага 2017 онд манай улсыг хяналтад оруулсан. Сая аравдугаар сарын 18-нд саарал жагсаалтад оруулснаа зарлаж байгаа явдал бол өмнө нь тийнхүү хяналтад оруулсныгаа шалгаад тайлангуудыг нь үзээд албан ёсоор зарласан хэрэг. FATF манайд дөрвөн үйл ажиллагаан дээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гишүүн байгууллагууддаа өөр мэдэгдэл хүргэсэн. Тэр нь бол эдгээр улсууд FATF-ын хяналтад орлоо. Гэхдээ тэдэнд ямар нэгэн хориг арга хэмжээ авахыг шаардахгүй. Хамтын ажиллагаатай бол хяналтад байгаа гэдгийг харгалзан үзэж болно л гэсэн зөвлөмж өгсөн. Тиймээс олон улсын картын төлбөр тооцоо зогсох, картаар үйлчлэхгүй байх, Монгол Улсад орж ирэх валютын урсгал тасрах вий гэх зэрэг болгоомжлол байхгүй. 2017 онд FATF-ын хяналтад ороход манайхтай харилцдаг байсан олон улсын банкууд эрсдэлтэй гээд хамтын ажиллагаагаа зогсоох нь зогсоогоод цөөхөн олон улсын банкууд харилцаж байгаа. Тэд Монгол Улс FATF-ын хяналтад байгааг мэдэж байгаа. Тиймээс нэмж эрсдэл гарахгүй.
Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өсч байгаа. Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд энэ өсөлт буурахгүй байх гэж мэдээлсэн. Дээр нь Монгол Улсын төсөв ашигтай гарахаар төлөвтэй байна. Худалдааны тэнцэл тэрбум долларын ашигтай, мөн төлбөрийн тэнцэл энэ жил ашигтай гарч байгаа. Монголбанкан дахь валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт доргио нөлөө үзүүлэхгүй. Валютын ханш дээр дарамт үзүүлэхгүй. Тиймээс сандрах хэрэггүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа хийдэг тул эрэлт, нийлүүлэлт чөлөөтэй явж байгаа.
Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500-аад тэрбум төгрөгөө тайлбарлаж чадаагүйгээс саарал жагсаалтад орсон гээд байгаа. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа 2017 оноос эхэлсэн. Европын төв банкнаас манай банкуудад активын чанарын үнэлгээ хийгээд үнэлгээний үр дүн 2018 оны дундуур гарсан. Нийт банкны системд 500-аад тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ нь эдийн засгийг дэмжих үйл ажиллагаа явуулахад чухал гэсэн. Ингээд 2018 он дуустал үүрэг өгөөд, банкууд тодорхой хэмжээгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Үүнийг ОУВС эх үүсвэрийг нь шалгая, ямар эх үүсвэрээс банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн юм бэ? Зүгээр ня-бо бүртгэлийн хоосон бүртгэл биччихсэн юм уу, эсвэл аль нэг гаднын улсаас зорилго тодорхойгүй юм уу, мөнгө угаах хэлбэрээр санхүүжилт орж ирсэн байж магадгүй гэсэн. Тиймээс бид АНУ-ын аудитын компанийг сонгон зөвлөгөө авч хамтарч ажилласан. Шалгалтын дүн гарсан. Энэ асуудлаар ОУВС-тай Монголбанкны төлөөлөгчид уулзаж байгаа. Уулзалтаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тооцох үү, үгүй юү. Тооцохгүй бол эргээд 2018 оны үеийн өөрийн хөрөнгийн үлдэгдэл хэвээрээ байх болно. Тиймээс дахиад цаг хугацаа өгөх юм уу?. Эсвэл Банкны тухай хуулиараа явах уу? Банкны салбарын тогтвортой байдлыг хамгаалах хуулиар явах уу, энэ олон хуулийн алийг нь баримталж явах вэе Энэ мэт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тохиролцож ОУВС-тай уулзалт хийгээд ирэхээр тодорхой болно.
Орж ирсэн хөрөгийн эх үүвсвэрийг МБагк тух үед хянасан. Хөндлөнгийн хяналтын байгууллага орж ирсэн. Тдхай юм дээр хууь эрх зүнг дүгнэлт хэрэгтэй эсвэл энэ нь хуулиар зөвшөөрсөн эсэх нь тодрхгүй бн гэдэг дээр л хэлэлцэж байгаа.
ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд: Төрийн байгууллагууд биеэ хамгаалж байна
Саарал жагсаалт ба Монгол Улс-Монгол Улс FATF-ын “Саарал жагсаалт”-д орсноор маш том эрсдэлтэй. Санхүүгийн сектор ялангуяа, банкны салбарын гадаад төлбөр, тооцоо хүндрэлд орно. Богино хугацаанд бага зардлаар хийдэг байсан төлбөр, тооцооны гүйлгээг өндөр зардлаар, нэлээд урт хугацаанд хийдэг болно. Энэ нь иргэдэд ч нөлөөлнө. Тухайлбал, кредит картаараа гүйлгээ хийхэд хүндрэл үүснэ гэсэн үг. Цаашлаад гадаад төлбөр, тооцоо хязгаарлалтад орж, зээлжих зэрэглэл унасан тохиолдолд гаднын хөрөнгө оруулалт буурна. Мөн манай төлбөрийн балансад асуудал үүсч, ханшид нөлөөлөх магадлал бий болох зэрэг сөрөг үр дагавартай юм. Гэтэл Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл үүссэн энэ үед төрийн байгууллагууд биенээ хамгаалж бидэнд хамаагүй гэсэн байдлаар хандаж байна. Энэ нь явсаар шүүх байгууллага буруутай юм шиг болчих гээд байна л даа. Гэтэл бодит байдалд бидэнд үүнээс сэргийлэх хугацаа хангалттай байсан. Энэ хугацаандаа төрийн байгууллагууд уялдаа холбоотой байж асуудлуудаа шийдэх хэрэгтэй байсан ч зохицуулалтгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
2012 онд саарал жагсаалтад орсонтой өнөөдрийнхийг харьцуулах аргагүй. Тухайн үед Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ид татаж байсан. Тиймээс тэд саарал жагсаалтыг үл тоон манай улс руу хөрөнгө оруулах эрмэлзэлтэй байсан. Эдийн засгийн өсөлт ч 16-17 хувьтай байсан. Харин одоо бол нөхцөл байдал тийм биш.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол Улсын саарал жагсаалтад оруулсан
-FATF-ын саарал жагсаалтад орсон нь юунаас болов гэдэг асуулт олон талаас яригдаж байна. Ний нуугүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулсан. Буруу бодлого, буруу үйлдэлтэйгээ дасан зохицсон. Түүнтэйгээ нийцэж тайван амьдардаг болсон. Засах арга хэмжээ авалгүй байсаар өнөөгийн байдалд хүрсэн. Саарал жагсаалтад ороход том нөлөө үзүүлсэн зүйл нь Ил тод байдлын тухай хууль. Ил тод байдлын тухай хууль батлагдсанаар 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч ирсэн шүү дээ.
Одоо цаашдаа яах вэ. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн дархлааг бий болгох ажил сайн хийгдсэн. Хоёр жил гаруйн өмнө нэг тэрбум ам.доллар байсан Монгол Улсын валютын нөөц одоо 3.8 тэрбум ам.доллар байна. Хоёрт өртэй байсан бол Ирээдүйн өв санд 310 тэрбум төгрөг байсыгн 363 тэрбум төгрөг болгож хуримтлуулсан. 2018 онд улсын төсөв ашигтай гарсан. 2019 оны төсвийн орлого давж биелэх горьдлоготой байна. Эдийн засгийн өсөлт 2018 онд 7.2 хувь, одоо 7.3 хувьтай байна. Энэ юу гэвэл Монгол Улсын эдийн засгийн дархлааг бий болгох гэж хичээж чармайсны үр дүн. Багахан савлагааг даваад гарчих эдийн засгийг бий болгож Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжих боломжийг бий болгохыг хичээсэн. Саарал жагсаалт дагасан хориг байхгүй. Бүрэлдэж бий болсон дархлаа, дээр нь эдийн засгийн төлөв байдал, экспортын орлогыг харахад сандраад, ханш дээш хөөргөөд байх шаардлага байхгүй болов уу гэж бодож байгаа.
Саарал жагсаалтад орчихлоо яах вэ гэдэг асуулт яригдаж байгаа. Монгол Улс Европын хар жагсаалтад орж л байсан. Тэгээд Засгийн газар шийдвэр гаргаад 20 хэдэн хоногийн дотор эргээд гарч байсан. Өнгөрсөн бүтэн сайнд Ерөнхий сайд богино хугацаанд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаж идэвх чармайлттай ажиллах шаардлагатай гэсэн үүрэг даалгавар өгсөн. Ямар хугацаанд саарал жагсаалтаас гарах вэ гэвэл FATF-ын дараагийн хуралдаанд саналаа оруулаад жагсаалтаас гарчих хүсэл эрмэлзэлтэй байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын бонд хэвийн арилжаалагдаж байгаа. Манай бондуудын үнэ ханш хэвийн байгаа. Өөрөөр хэлбэл сараал жагсаалтыг янз бүр хориг дагалддаггүй тул ийм байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 2013-2016 оны хэрэг явдлын үр дүн ингэж гарч байна
Саарал жагсаалт ба Монгол Улс-Энэ асуудлыг улс төржүүлэх муу ажил хийгдэж байгаа тул тодорхой зүйл хэлье. 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдалд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ хийх үед Ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 6-нд батлагдсан. Тэр хуулийн дараа Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж өмнө байснаасаа 150 хувиар нэмэгдсэн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас FATF-ын энэ шалгалтад хамрагдсан түүхтэй юм. Ил тодын хууль 2015 оны нэгдүгээр сард УИХ дээр орж ирж нэг удаа буцсан. Дараа нь 2015 оны наадмын үеэр тэр үед эрх барьж байсан АН, МАХН хооронд Улаан-Үд хавьд тодорхой уулзалтууд болж, ингээд тэд хоёр хуулийг хүчээр баталсан. Нэг нь Ил тод байдлын тухай хууль, нөгөө нь Өршөөлийн хууль. Тэрэнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулахгүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж, би түүнийг нь дэмжиж байсан. Ингэж хууль баталж, хуулийн дараахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн. Мэдээж үүнд гадны байгууллагуудад сэжиг төрж таарна.
Ингээд 2016 оны сүүлээр FATF-ын ажлын хэсэг 9 хүнтэй ажиллаад үнэлгээ хийж тайланг 2017 оны тавдугаар сард 40 зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаад таван асуудлаас бусдыг биелүүлсэн. Сүүлд сая 2019 оны аравдугаар сарын 11-нд FATF-ын Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн. Энэ захидалдаа Монгол Улсыг эрчимтэй хяналтад байлгахыг зогсоож, өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа гэсэн. Тэр нь хяналтынх нь зэрэглэлийг жаахан буурууллаа гэсэн үг. Тэгээд үлдсэн асуудлаар нь Парист үргэлжилсэн хурал болоод саарал жагсаалтад улсын нэр оруулах ажиллагаа хийгдсэн. Энэ бол 2013-2016 оны хооронд болсон үйл явдлын үр дүн ингэж гарч байна. Тэр биелүүлээгүй дөрвөн асуудал дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна гэсэн нэг гол асуудал, хоёрт хөрөнгө хураагдахгүй байна гэдэг асуудал туссан байгаа. Хөрөнгө хураах асуудлыг Засгийн газар шийддэггүй. Хуулийн байгууллага шалгаад, шүүх гэм буруутайг нь нотолж чадвал тэр хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг.
Эдийн засгийн хувьд хориг хязгаарлалт тавьсан юм одоохондоо байхгүй. Дурдсан ажлуудыг нь хийгээд дуусвал ойрын хугацаанд буцаад гарчих боломж байгаа. Манай салбарт хоёр ажил хийгдсэний нэг Мөнгө угаахтай тэмцэх шинэ хуулийг УИХ баталсан. FATF-ын зөвлөмж дотор үнэт эдлэлийн наймаатай холбоотой шаардлага байгаа. Тэрийг хяналтад оруулах ажил хийгдэнэ. Гадаадын ажиллах хүчний асуудал мөн байгаа. Терроризм гэдэгтэй холбогдуулж энэ асуудлыг тусгасан байна лээ. БНАСАУ-аас манай улсад хөдөлмөр эрхэлж байсан 2000-аад хүний асуудал байсан. Ирэх арваннэгдүгээр сард ерөнхийдөө энэ асуудал шийдэгдэж дуусна. Тийм хуваарьтай байгаа. Хоёрт, олон жил энэ улстай муугүй харилцаатай явж ирсэн. Тэр харилцааны асуудал ч байсан. Асуудал хүндэрч байгаа тул шийдэхийг нь шийдээд, төгсгөлийн шатандаа хэрэгжүүлж яваа. Ингээд тавьж байгаа дөрвөн асуудлаас хоёрыг нь шийдэж дуусна. Тэгээд холбогдох байгуулагуудад мэдээллээ өгнө.
Эдийн засагч С.Буяндэлгэр:
Саарал жагсаалт ба Монгол Улс-Яагаад энэ жагсаалтад оров гэдгийг ярилцах хэрэгтэй. Үүний шалтгааныг ярилцах хэрэгтэй. Яах гэж энэ байгууллагын гишүүн болов гэж олон хүн хэлж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд бий. Үүний гишүүн болно гэдэг манай банк, санхүүгийн салбарт тустай. Эрүүл мэндээ хамгаалахын тулд дархлаагаа сайжруулдгийн адил эдийн засаг, санхүүгийн сектороо хамгаалж байхгүй бол зэвсэглэл, хүний наймаа, хар тамхи, мафийн хар мөнгө угаагдаад манай эдийн засгийг сүйрүүлчих юм бол бид дэлхийгээс таслагдана. Юун хөгжил дэвшил ярих.
Манайх FATF-т 2019 оны аравдугаар сарын 04-нд 16 хуудас тайлан явуулсан юм билээ. Тайлангийн үнэлгээгээр 40 зөвлөмжөөс 35-ыг нь хэрэгжүүлсэн буюу хангасан. 11 зөвлөмжийг шууд хэрэгжүүлж дагаж мөрдөхөөс 7-г нь хангасан юм билээ. Уг нь энэ зөвлөмжүүдийн бүгдийг нь хангах ёстой. Манайхан юмыг халтуурддаг шигээ долоог нь хангачихаад болно гээд байсан юм билээ. Аливаа асуудлыг баримттай ярих хэрэгтэй. Монгол Улс яагаад дайн байлдаантай орнуудтай адил терроризмтой ингэтлээ холбогдчихоод байгаа юм.
2017 оны аравдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга байсан генерал Б.Хурц УИХ-ын АБГББХ дээр УИХ-ын гишүүн Л.Болдыг “Та БНАСАУ руу байлдааны зориулалттай онгоцны мотор зарах гэж оролдсон, танаас болж хоёр хүн цаазлагдсан. Прокуророос мэдэгдэл нь ирчихсэн байгаа” гэж мэдэгдсэн. Мөн ХБНГУ-д баривчлагдсан манай дипломатууд хар тамхи зөөвөрлөсөн хэрэг байна. Ийм жишээг дурдахад эдгээр хэргүүд шүүх дээр хэрхэн шийдэгдсэн талаар ямар ч баримт, мэдээлэл байхгүй. Энэ хэргүүд яагаад хурдан шийдэгдэхгүй байна, шүүх хэрхэн ажиллаж байгаа юм. Манай улс хэр авлигажсан юм. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд анхааралтай харж, үнэлж байгаа. Үүнийг шийдэхгүй бол хар жагсаалт ч ойрхон байгаа.
Үүнтэй холбоотойгоор FATF-ын 40 зөвлөмжөөс бүрэн хэрэгжүүлээгүй дөрвөн зөвлөмжийн хоёр дахид нь одоо мөрдөгдөөд шалгагдаж байгаа хэргүүдийг шүүх дээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Танайд асуудал үүсдэг, шүүх шатанд шийдвэрлэгддэггүй гэсэн байна лээ.
Эдийн засагч Ч.Отгочулуу: Манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй
Саарал жагсаалт ба Монгол Улс-Яагаад саарал жагсаалтад оров гэхээр 2017 оноос 40-өөд үзүүлэлтэй зөвлөмж өгсөн. 20 нь гайгүй хэрэгжсэн, 20 нь асуудалтай. “Танайх мөнгө угаах эрсдэлтэй байна. Үүнийхээ эрх зүйн асуудлыг шийд” гэсэн ч хангалттай шийдээгүй. 2018 онд эргэж хандах байсан хандаагүй. Тэгээд 2019 онд гэнэт сандраад арга хэмжээ авсан ч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болсон. Манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ удаа саарал жагсаалтад орж байгааг өмнөхтэй харьцуулашгүй. Жагсаалтаас хэр хурдан гарах нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаална. Ирэх хаврын хуралдаанаар нь гарчих боломжтой.
Нийтэлсэн огноо2019-10-22