Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болж байна www.montsame.mn
Японы нийслэл Токио хотод Монгол, Японы төр хувийн хэвшлийн 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт болж байна.
Тус уулзалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямада нар ахалж байгаа бөгөөд хоёр улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон МҮХАҮТ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон-Монголын Эдийн засгийн хороо болон хоёр талын хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн 170 орчим төлөөлөл оролцож байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Япон Улсын харилцааны түүхэнд 2025 он онцгой жил болж, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд түүхэн ач холбогдолтой болсныг талархан тэмдэглэв. Тэрбээр “Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх, хоёр талын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө буй гээд ийнхүү нөөц боломжийн талаар нээлттэй, үр ашигтай санал мэдээлэл солилцоход Монгол, Японы төр, хувийн хэвшлийн энэхүү зөвлөлдөх уулзалт чухал ач холбогдолтой” хэмээн ярилаа.
Зөвлөлдөх уулзалтаар санхүү, хөрөнгө оруулалтын орчны сайжруулалт ба ногоон санхүүжилт, чухал ашигт малтмалын нөөц, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, инновац, дижитал хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Монголын талаас Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт Японоос хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлжээ.
Ташрамд дурдахад, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг 2007 оноос хойш Улаанбаатар, Токио хотноо ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд XIII зөвлөлдөх уулзалт 2026 онд манай улсад болно.
Нийтэлсэн огноо2025-11-27





