17 аймгийн 202 сумын 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болжээ www.eagle.mn
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг дэвшүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд 160,0 тэрбум төгрөгийг шийдвэрлэн ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 4 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцсан билээ.
Энэ хүрээндээ төслийн зураг төслийн зөвлөх үйлчилгээнд шалгарч ажил гүйцэтгэсэн 27 компани, угсралтын ажилд шалгарсан 52 компани нийт 79 байгууллагатай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 суманд нийт 202 сумын 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ажил үргэлжилж байна.
Зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй байгааг уулзалт хэлэлцүүлгээр онцоллоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хороо, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн ариун цэврийн байгууламжийн ашиглалтын талаар сурталчилгаа, заавар зөвлөгөө өгөх, шаардагдах урсгал зардлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
Хяналт гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллага Барилгын хөгжлийн төв болон аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрууд угсралтын явцын хяналтыг сайжруулан, гүйцэтгэгч болон ашиглагч байгууллагуудтайгаа нягт холбоотой ажиллаж, одоо гүйцэтгэж байгаа ажлуудыг гэрээт хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Цаашид нэн тэргүүнд эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарууд, төрийн захиргааны байгууллагууд, шатахуун түгээх станц зэрэг бүхий л байгууллага аж ахуй нэгжүүд нүхэн жорлонг халах томоохон төслүүдийг эхлүүлнэ. Үүнд энэхүү төслийн үр дүн чухал нөлөө үзүүлэх юм.
Нийтэлсэн огноо2025-05-13