ТАСС: Сибирийн хүч 2 хоолойг Монголоор дамжуулахгүй байх талаар авч үзээгүй www.eguur.mn
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ялалтын баярыг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилсан. Тус айлчлалаар хоёр тал Сибирийн хүч 2 хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэлэлцсэн юм.
Тэгвэл ТАСС агентлаг мэдээлснээр бол тус хийх хоолойн хэлэлцээг түргэсгэх тушаал гарчээ. ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө БНХАУ, ОХУ хоёр хийн хоолойн хэлэлцээрт ахиц дэвшил гаргасан хэмээжээ.
БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд өнгөрсөн сард мэдэгдэхдээ хийн хоолойн маршрутыг хараахан тодорхойлоогүй байгаа гэсэн. Мөн Оросын хэвлэлүүдээр Сибирийн хүч 2 хоолойг Монголоор бус Казахстанаар дайруулах сонирхол бий гэх нийтлэлүүд явсан билээ. Тэгвэл Новакийн хэлснээр хийн хоолой Монголыг тойрч өнгөрөх маршрутыг авч үзээгүй аж.
Новак “Зарим ахиц дэвшил гарсан. Гэрээний нөхцөлийг эцэслэх ажлыг хурдасгах тушаал өгсөн. Ерөнхийдөө бол ажил үргэлжилж байгаа гэж хэлэхэд болно” гэсэн юм. Тэрбээр ийм мэдээлэл өгөхөөсөө өмнө Путин, Ши Жиньпин нар Кремльд уулзахдаа Сибирийн хүч 2 төслийн талаар ярилцаж, ажлыг түргэтгэх тушаалыг холбогдох албадад өгсөн гэж хэлсэн байна.
Тус хийн хоолойн ажил ерөнхийдөө гацаад байгаа. “Financial Times” агентлаг өнгөрсөн жилийн зургаадугаар сард мэдээлснээр бол төсөл гацсан нь нийлүүлэлт болон үнийн тал дээр Бээжин үндэслэлгүй шаардлага тавьсан гэж Москва үзэж байгаатай холбоотой юм.
Эх сурвалж: ТАСС
Нийтэлсэн огноо2025-05-12