Монгол Улс хийн түлшинд шилжсэнээр агаарын бохирдол 29.5 хувиар буурна www.itoim.mn
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ногоон бүсийн 50 орчим мянган өрхийн сууцыг дулаалж, цахилгаан болон хийн түлшинд шилжүүлэх ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Агаарын чанарын тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын дүүргүүдийг “шар” болон “ногоон” бүсчлэлд хуваасан байна. Ногоон бүсэд нийт 101 мянган айл өрх багтдаг бөгөөд эдгээр өрхийг шат дараатайгаар хатуу түлшнээс татгалзаж, цахилгаан болон хийн халаалтад бүрэн шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Хотын агаарын бохирдлын 60 орчим хувь нь гэр хорооллын яндангаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. Тиймээс урин цагт утаа, агаарын бохирдлын асуудлыг умартаж болохгүй. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг ногоон болон шар бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103.090 өрх амьдарч байна.
Бид энэ жил халаалтын улирлаас өмнө 50 орчим мянган өрхийг цахилгаан болон хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн хүрээнд гэр, байшинг хэд хэдэн янзаар дулаалж, халаагуурыг хийн болон цахилгаан байдлаар шийдэж байна.
Албаныхны тооцоолсноор эдгээр өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулах боломжтой аж.
Хөтөлбөрт хамрагдсан айл өрх бүр долоон сарын хугацаанд 900 мянган төгрөгийн урамшуулал авах бөгөөд гэр, байшингаа дулаалсны дараа өөрийн хорооны даргад бүртгүүлснээр уг урамшуулалд хамрагдах боломжтой юм.
Нийтийн тээврийн автобусууд ч хийн түлшинд шилжинэ
Мөн 2026 оноос эхлэн нийтийн тээврийн 1360 автобусыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь дизель түлштэй харьцуулахад өртөг багатай бөгөөд нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах давуу талтай. Одоогоор зарим хувийн автобусууд хийн түлш хэрэглэж эхэлсэн байна.
Хийн түлшний хэрэглээг дэмжих хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд одоогийн байдлаар хийн түлш импортолдог 25, байнгын үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа аж.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-05-26