Л.Оюун-Эрдэнийн огцрохгүйгээр хамтрах аргаа бодсон долоо хоног www.eguur.mn
Засгийн газар унахааргүй хэв шинж рүүгээ ороод явчхав.
МАН-ынхан бага хурлаараа хамтарсан Засгийн газрыг "тараах" шийдвэр гаргаад долоо хонож байна. Ялсан намын энэ шийдвэрийг намын дарга нь хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Бага хурлын шийдвэр нь "Танхимаасаа бусад намаа гаргаатах, тэгээд дотооддоо яахаа ярилцъя" гэсэн агаар үлдээсэн.
Энэ агаартай орон зайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног хиртэй бодов. Тэр хооронд нь МАН-ынхан дотоодоо Н.Учрал, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Б.Жавхлан зэрэг 4-6 шинэ Ерөнхий сайдтай болцгоов. Ингэж байтал бага хурлын үеэр баахан бичлэг сэлт үзээд, шоконд орсон гэгдэх Л.Оюун-Эрдэнэ сэргэж, танхимаа ер нь авч үлдэх аргачлал бодож эхэлсэн нь тодорхой боллоо.
АН-ынхан Засгаас гарчхаад яах талаараа хуралдах гэж байснаа "Бид танхимаас явахгүй бололтой" гэлцсээр хурал хуйгаа хойшлуулав. Бүлгийн хурлын үеэр хоёр цаг очиж маргаан өрнүүлсэн ч үнэндээ найман сайдаас хэн нь ч ажлаа өгнө гэлгүй л өнгөрчээ. АН-аас арай дөнгүүрээрээ Х.Тэмүүжин "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна" гэж МАН-ын дотоод зодооноор нээлттэй дуугарлаа.
Ерөнхий сайд нь өөрийн хүсэлтээр эсвэл УИХ-ын гишүүний албан бланк дээр 35-уулаа нэгдэж байж, огцрох бичиг өргөн баригдаж, парламентаас 63 гишүүнийн дэмжлэгээр огцрох зохицуулалттай. Одоогоор Ч.Лодойсамбуу гишүүний бичигт таван гишүүн гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн ч намаасаа банга сэлт аваад, энэ тоо цөөрнө гэгдсэн.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуудхан өгөөд явчхалгүйгээр хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэх боломж дээр парламентын дэмжлэг авахаар ажиллаж эхэлсэн дүр зураг харагдана.
Хэрэвзээ Д.Амарбаясгалантайгаа учраа олоод, саналаа нэг бүрчлэн тоолж, нямбай ажиллаж чадвал хамтарсан Засгийн газар задраад явчихгүй нь үнэн. Гэхдээ тэсэж үлдээд юунд хүрэх үү, ямар зам туулах уу. Ерөнхийлөгчийн "Үндсэн хууль өөрчлөхгүй" гэж ууртай мэдэгдсэн ширвээг нь даах уу гэдэг жинхэнэ асуудал юм.
Өргөн утгаараа парламентын засаглалыг бэхжүүлэх нь маш чухал буй ч Ерөнхийлөгчийн инститүцтэйгээ хагарсан Гүйцэтгэх засаглал урт удаан наслаад, жаргаад байсан түүх Монголд ер үгүй юм. Ард түмнээс сонгогддог, харьцангуй өргөн агуулгаар эрхээ хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчийн инститүц бол улс төрийн жин дарах гол хүчүүдийн нэг байсаар байх юм.
Дээрээс нь Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогоо нотлох явц тийм ч амархан хэлбэр дүрсээ олоод, АТГ "Ямар ч асуудалгүй байна" гэж хурдан зарлачих нюанс үгүй юм. Тэгэхээр Засгийн газраа тэргүүлж үлдлээ гэхэд олон нийтээс ирж байсан дэмжлэг Л.Оюун-Эрдэнэд үлэмж багасах нь ээ. Намын дотоодод ч Бага хурлын шийдвэрээс зөрж үлдэх тусмаа дэмжлэгүүд улам түүнээс холдоно.
Энэ олон эрчлээн дунд Л.Оюун-Эрдэнэд "Үлдээд Засгийн газраа үргэлжлүүлэх үү. Яваад ирээдүйн улс төрөө бодох уу" гэдэг сонголт ч тулж байгаа. УИХ-ын гишүүдийн ерөнхий байцаас харахад Засгийн газраа хөмрөөд хаях ил санаа төдийлөн илэрхийлэхгүй байна. Бужигнасан өдрүүд дунд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа ч, парламентын гишүүдээ ч сайтар таньж, ялгаж салгаж хараа биз ээ. Хэнийг дагуулж, хэнээс явах ёстойгоо бас харсан биз ээ.
Үнэхээр Ерөнхийлөгчийг дахин сунгах эсэх агуулгын зөрчлөөс үүдэж, Засгийн газар дэнжигнэсэн. Энэ нь бараг жилийн өмнөөс зурагдсан план байсан. Л.Оюун-Эрдэнийн хүүг удаан хараачилж, эгзэгийг хүлээсэн нь үнэн бол тэр энэ сэдвээс хэсэгтээ л зугтаж чадахгүй. "Орлогоо нотол" гэж шаардаж буй залуусын органик эсэргүүцлийг харин MCS-ээс салгаж, асуудлыг асуудал болгох нь нэн чухал хүлээлт болов.
Г.ИТГЭЛ
Нийтэлсэн огноо2025-05-27