1 MONGOLIA’S “TOP-100” BUSINESSES OF 2024 RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/04      2 MONGOLIA’S WWII LEGACY: ASSET OR LIABILITY IN 2025? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/04      3 UNDP LAUNCHES GRANTS TO STRENGTHEN CIVIC PARTICIPATION AND PUBLIC SERVICE INTEGRITY IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/07/04      4 ION ANNOUNCES CLOSING OF DEBT SETTLEMENT AND UPDATE ON JOINT VENTURE ON URGAKH NARAN PROJECT WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/07/04      5 WOMEN’S 3X3 BASKETBALL TEAM CLIMBS TO WORLD NO. 5 WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/04      6 MONGOLIA RECORDS 24 MODERATE EARTHQUAKES IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/04      7 FLIGHTS BETWEEN MOSCOW, ULAANBAATAR TO BE RESUMED BY YEAR-END WWW.TASS.COM PUBLISHED:2025/07/04      8 EMPEROR MEETS REPORTERS AHEAD OF VISIT TO MONGOLIA WWW.3.NHK.OR.JP PUBLISHED:2025/07/03      9 WOOD ADVANCES RARE EARTH ELEMENTS PROJECT IN MONGOLIA WWW.MININGWEEKLY.COM  PUBLISHED:2025/07/03      10 THE BANK OF MONGOLIA PURCHASES 5.9 TONS OF PRECIOUS METALS IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/03      ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХУРЛААР БУС, ХУУЛИАР УРЬДАГ ЮМ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     НҮҮРС ТЭЭВРИЙГ ХОЛИМОГ ТЭЭВРЭЭР ГҮЙЦЭТГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     ВАЛЮТЫН НӨӨЦ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     УСНЫ САН БҮХИЙ ГАЗАРТ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ХОРИГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     КУВЕЙТ ЗАМ, ТЭЭВЭР, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     “ӨНДӨРХААН НИСЭХ БУУДАЛ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     П.САЙНЗОРИГ: МАНАЙ УЛСЫН ГАДААД ПАСПОРТ ХҮЧИРХЭГ БАЙДЛЫНХАА ЭРЭМБЭЭР 69 ДҮГЭЭР БАЙРТ ЖАГСАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     Г.ЗАНДАНШАТАР: ХҮН ТӨВТЭЙ ХАНДЛАГА ТӨРИЙН АЛБАНЫ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ БОЛОХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     УЛААНБААТАР-МОСКВА ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГИЙГ ЭНЭ ОНЫ СҮҮЛЭЭР СЭРГЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     ИГАВАХАРА МАСАРҮ: ЯПОНЫ ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН, ЭРХЭМ ДЭЭД ХАТНЫ АЙЛЧЛАЛ НЬ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД ШИНЭ ХУУДСЫГ НЭЭХ АЛХАМ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03    

Хөрөнгө оруулагчдыг хурлаар бус, хуулиар урьдаг юм www.eagle.mn

Юмс алга урвуулахын хооронд өөрчлөгдөж банйа. Улс төр ч тэр, эдийн засаг ч ялгаагүй. Гэхдээ дарга солигдоход амьдрал сайжрахгүй байгаа нь гачлантай үнэн. Ноён доллар номхрох нь байтугай догширч, инфляц хазааргүй юм шиг хязгааргүй өсөж байна. Гачлантай нь энэ бүхэн дээр нүдэнд харагдаж, гарт баригдах бодлого төрийн зүгээс одоохондоо гараагүй байна. Төсвийн орлого тасарсан, төлөвлөгөө биелэхгүй, цомхтгол хийнэ гэхчлэн Засгийн газар мэдэгдэж байгаа ч зарим талаар гэнэт халагдсаны нөхөн төлбөр хэмнэсэн төсвөөс нь даваад буй бололтой. Гэхдээ энэ бүхнийг иргэд “арьсан” дээрээ аль эрт мэдэрчихээд байгаад дарга анги “гэнэт” л саяхан мэдэрсэн нь бүр гайхам.
Одоогос хагас сар илүүхний өмнө, бүр тодруулбал Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд парламент итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх үед тухайн үеийн Сангийн сайд “Төсөвт тодотгох шаардлага үүсээгүй...” хэмээж байсан юмдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ огцорсны дараа төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр дутах эрсдэлтэйг шинэ Сангийн сайд дуулгав. Хамгийн гол нь өмнө нь ч, одоо ч Монгол Улсын Сангийн сайдаар Б.Жавхлан гэж нэг л хүн ажиллаж байна. Одоогийн Сангийн сайдын хувьд төсөв тодотгох нь зайлшгүйг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоё. Ерөнхий сайд Г.Занданшатар ч мөн адил байр суурьтай байна лээ. Тэр “Анх томилогдож байх үеийн төсвийн орлого 2.3 их наядаар тасарсан байсан бол долоо хоногийн дотор нэг их наядаар нэмэгдэж, 3.3 их наяд төгрөгөөр орлого буурч байна” хэмээсэн. Тэгэхээр тамгаа гардаад ердөө 17-хон хонож буй тэрээр эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулах нь нэгэнт тодорхой болсныг эндээс харж болно.
Хоржоонтой тавилан
Мөнгөнөөс өөр зүйл бодох тэнхэлгүй бас “боломжгүй” шинэ Ерөнхий сайд толгойгоо гашилган ядахдаа Элчин сайд нартай уулзахдаа хүртэл мөнгө захиж сууна. Өнгөрсөн мягмар гарагт буюу зургаадугаар сарын 24-нд 34 Элчин сайд болон ерөнхий консул, консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлагатай уулзахдаа хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болгов. Г.Занданшатар сайд нэгэн цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг “үргээх” хуулийг ахлан батлуулж, эдийн засагт багагүй хохирол учруулж байсан түүхтэй нэгэн. Өөдөө тэмүүлж явсан эдийн засгийн өсөлт саарч, гадаадын хөрөнгө оруулагчдыг дөлөхөд хүргэсэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай тэрхүү хуулийг нь УИХ ганц жил бололгүй цуцалсан ч “галт тэрэг” нэгэнт хөдөлчихсөн байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид дүрвэчихсэн. Гачлантай нь үүгээр шинэ Ерөнхий сайд ба гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой саар асуудал дуусахгүй. УИХ-ын дарга байхдаа нэг нутгаас улс төрд сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нийлж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцсэн нь бас л “сонирхолтой” үйл явдал болсон гэдгийг улстөрчид өөрсдөө ярьсаар байдаг.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
Сонин хувь төөрөгтэй хүн юм. 12 жилийн өмнө 2012 оны тавдугаар сарын 17-ний өдөр нэг хууль санаачилж батлуулаад Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтыг ийм болгочихож билээ. 12 жилийн дараа өнөөдөр нутгийн "том ах"-ынхаа дохио зангаагаар бас нэг үйлдэл хийлээ. Энэ график яаж хөдлөх бол.
Нэгэн цагт хөрөнгө оруулагчдыг үргээж явсан тэр одоо өөрөө мөнгө босгох нөр их ажил дээр буулаа. Хувь тавилан гэдэг үнэхээр л хоржоонтой юм.
Шинэ Ерөнхий сайдаас хүлээх хүлээлт
Г.Занданшатар Ерөнхий сайдын тамга атгаад сар ч болоогүй байхад “Монголын эдийн засгийн чуулган-2025” (МЭЗЧ) болох гэж байна. 12 дахь жилдээ зохиогдох энэ чуулган долоодугаар сарын 8, 9-ний өдөр товлогджээ. Ковидын жилүүдийг эс тооцвол 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй энэ чуулганы зорилго нь хөрөнгө оруулагчдыг татах. Гаднынхны Монголд оруулсан нэгхэн цент дараа дараагийн хөрөнгө оруулагчдад итгэл болж очиж байдаг гэдэг. Тэр утгаар нь бодвол ийм чуулган хийх нь зөв ч юм шиг. Гэвч бид өнгөрсөн жилүүдэд уриа лоозон дэвшүүлж, гадна дотноос зочид урьж чуулсан ч хэлбэрт нь анхаарснаас агуулгаа бодож чадсангүй. Өнөөг хүртэл болсон чуулгануудын урианаас харахад бид ер нь өөрчлөгдсөн юм уу.
2010 он–Бид хамтдаа чадна
2011 он–Хөгжилд хамтдаа
2012 он–Эдийн засгийн хөгжил
2013 он–Монгол брэнд
2014 он–Монголд үйлдвэрлэв
2015 он–Итгэлцэл
2016 он–Сургамж, сорилт, шийдэл
2018 он–Хүчээ нэгтгэе
2022 он–Шинэ сэргэлт
2023 он–Welcome to Mongolia
2024 он–GO Mongolia уриа дэвшүүлж байв.
Дарга нар нь индэрт сууж, тойрон хүрээлэгчид нь тосож мэндчилдэг энэхүү чуулгануудаас гарсан үр дүн иргэдийн амьдралд лав наалдсангүй. Дэвшүүлсэн уриа, иргэдийнхээ амьдрал хоёрыг харьцуулж харахад л асуудал шийдэгдсэн үү, үгүй юү гэдгийн хариу нь гараад ирнэ. Гэхдээ л бид хийсээр л байна. Энэ удаад ч форум зохион байгуулагчид хүлээгдэж буй үр дүнг дараах байдлаар тодорхойлж буй аж.
-Шинээр байгуулагдсан Засгийн газар бизнес эрхлэгчид уулзах талбар болох
-Засгийн газрын бодлого чиглэлийг олон улсад танилцуулах
-Салбар бүрд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах хэмээн нэрлэсэн.
Тэгэхээр будаг нь ханхалсан Ерөнхий сайд ямар бодлого баримталж, хөрөнгө оруулагчдыг татах ямар бодол санаатай байгаа нь хамгийн том хүлээлт болоод байна. Гэвч МЭЗЧ-тай холбоотой хөндөх зайлшгүй нэг зүйл буй нь чуулганыг 11 жилийн турш зохион байгуулсаар ирсэн ч үр дүнд хүрсэн үү гэдэг гол асуудал.
Форум уу, шоу юу
Дэлхийн эдийн засгийн чуулганыг зорьсон нэгэн залуу тэнд “гоё зүйл” болоод байгааг ойлгож Монголдоо нутагшуулахаар 2010 онд МЭЗЧ-ы суурийг тавьсан. Хамгийн анх 2010 онд ердөө 500 гаруй оролцогчтойгоор зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр оролцогчдын тоо 4500-д хүрч, цар хүрээ, оролцогчдын тоо улам тэлсээр ирлээ. Гэвч оролцогчдын тоон өсөлт эдийн засгийн өгөөж болж чадсан уу. Дэлхийн эдийн засгийн чуулган гэдэг нэрийг л маш амжилттайгаар Монголын эдийн засгийн чуулган гэж хөрвүүлж чадсаныг эс тооцвол шүү дээ. Өөр бусдыг нь ДЭЗЧ-аас Монголын хөрсөнд буулгаж чадсангүй.
Давосын чуулган дэлхийн тулгамдсан асуудалд хамтын шийдэл олохоор тэмүүлдэг бол МЭЗЧ Монгол Улсын эдийн засгийн бодлогын чиглэл танилцуулснаар л үндсэн зорилго нь дуусаж байна. ДЭЗЧ-аар бодит санаачилга, глобал төсөл, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гардаг бол манайх хуралдаан, илтгэл, протоколоор дуусна.
Улс төр, бизнес болон судалгааны байгууллага, иргэний нийгмийн тэнцвэртэй оролцоо тэнд үйлчилж буй бол энд Засгийн газар, төр-эдийн засгийн хүрээнийхэн оролцоно. Дэлхийн улсууд олон улсын хамтын ажиллагаа, олон жил дамнасан санаачилга гаргаж байхад манайх богино хугацааны уриа, жилийн дараа мартагдах агуулга л ярьж суугаа нь харамсалтай.
Форумын үр дүнд ямар нэгэн бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн, төсөл эхлүүлсэн, хуулийн шинэчлэлд хүргэсэн жишээ маш ховор. Үндсэндээ форум нь шоу маягийн хурал болон хувирсан. Бас энэ форумд сөрөг байр суурь, шүүмжлэл, бодлогын эсрэг үзэл санаа бараг сонсогддоггүй. Төрийн гаргасан шийдвэр бүхэн үнэхээр зөв байгаад юм уу гэвэл  үгүй шүү дээ. Одоо сүүлдээ яван, явсаар эрх баригчдын өөрсдийгөө магтах тайз болон хувирч байх шиг.  
Эдийн засагч Ч.Отгочулуу
МЭЗЧ эрх баригч намынхан л ордог хаалттай арга хэмжээ болж хувирсан. Бас эрх мэдэлтнүүд нийлээд төрийн бус байгууллага байгуулж төсвөөс их мөнгө авдаг гэсэн шуугиан гарсан. Энэ бол зохисгүй үйлдэл. Анх энэ форумыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед зохион байгуулж байсан. Эрнандо де Сото гуайг урьж авчирч капиталын нууцыг яриулж байсан. Дараа нь шилдэг эдийн засагчид цуглаж, сууж байгаад Шилэн данс, Ирээдүйн өв сан гэх зэрэг бодлогын маш том реформын шинжтэй яриаг олон талуудын хооронд мэтгэлцээн өрнүүлж, хэлэлцүүлдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд Засгийн газрыг магтан дуулдаг Ардын намын арга хэмжээ болж хувирсан. Иймээс оролцохгүй бас сонирхохгүй ер нь ач холбогдол өгөхгүй.
News.mn
Хуулсан шиг хуул
Хэрвээ Дэлхийн эдийн засгийн чуулганыг хуулж, тэндээс үлгэрлэж, даган дууриаж буй бол дараах зүйлсэд зайлшгүй анхаарах ёстой. Давосын форумын “Great Reset”, “Green Transition”, “Future of Work” зэрэг санаачилгууд шиг Монголд нэн тулгамдсан асуудал дээр суурилсан, тодорхой хэмжүүртэй, олон жил үргэлжлэх санаачилгыг гаргах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид, эмэгтэй удирдагчид, залуу судлаачид, төрөөс хараат бус судлаачдыг дэмжих, тэднийг илтгэл, хэлэлцүүлэгт идэвхтэй оруулах хэрэгтэй. Энэхүү форумд иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд, их сургуулиуд, судалгааны байгууллагуудын дуу хоолой маш сул. Зөвхөн улстөрчид, төрийн түшээд, хөрөнгө оруулагчид гэсэн “давхарга” дунд ярилцаж, жинхэнэ олон нийтийн оролцоо дутагдсаар байна. Илтгэл, шоу төдийхнөөр бус шинжлэх ухаанд суурилсан бодлогын хурал болгож, судалгаанд тулгуурласан дата, дүгнэлт, нээлттэй мэтгэлцээн өрнүүлэх нь форумын үр дүнг өсгөхөд чухал нөлөөтэй. Зохион байгуулагчдын зүгээс “Бидний зорилго, форумыг л амжилттай зохион байгуулах. Энэ үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа” хэмээсэн. Гэхдээ хуралдаад, хуралдаад сайжрахгүй бол үүнийгээ одоо больё. Эсвэл өөр түвшинд хүргэе. МЭЗЧ-д төрийн оролцоо түй ч байхгүй, 100 төгрөг ч авдаггүй гэдэг ч төрийн өмчит компаниуд өндөр дүнгээр ивээн тэтгэгчээр оролцдог нь нэгэнт ил болсон зүйл. Өнгөлөн далдлалтынх нь ард төрийн мөнгө урсаж яваа. Нөгөө талаас үнэхээр л төрийн бус байгууллага хийж байгаа ажил юм бол төр, засаг нь бүхэлдээ хөөрцөглөж гүйж ордгоо болих хэрэгтэй шүү дээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй
Өөр нэгэн зүйл нэмж дурдахад, форумын анхны зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсыг дэлхийн зах зээлд нээлттэй, итгэл даах түнш гэдгийг харуулах байсан ч өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эдгээр зорилго хангалттай биелсэнгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын хэмжээ хангалттай өсөлтгүй хэвээр байсаар байна. МЭЗЧ зохион ирснээс хойшхи статистикийг танилцуулвал,
Гадаадын шууд хөрөнгө оруулалт (сая ам.доллар)
2010 он-8,444.70
2011 он-13,332.70
2012 он-17,668.40
2013 он-19,579.30
2014 он-20,247.00
2015 он-20,696.30
2016 он-16,277.50
2017 он-18,019.90
2018 он-20,223.00
2019 он-22,555.70
2020 он-24,206.70
2021 он-26,281.80
2022 он-28,521.45
2023 он-30,696.59
2024 он-33,481.90
Эх сурвалж: Монголбанк
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн сүүлийн статистикийг Монголбанкнаас энэ сарын 10-нд танилцуулсан. 2025 оны I улирлын гүйцэтгэлээр Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 665 сая ам.доллар, харин хөрөнгө оруулалтын буцаалт болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой гарах урсгал 240 сая ам.доллар байснаар цэвэр дүнгээр 425 сая ам.долларын орох урсгалтай байв. Энэ нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 34 хувиар буюу 342 сая ам.доллароор буурсан үзүүлэлт байна хэмээсэн. Байдал сайнгүй байгааг эндээс тольдож болохоор.
Монголын эдийн засгийн форум ГШХО-ыг татах гэсэн чинхүү ганц зорилготой юм бол энэ асуудалд тээг болсон олон асуудлаа жил, жилээр нь ярилцаж, шийдэлд хүрэх замыг эрэлхийлэх нь илүү үр дүнтэй мэт. Монгол Улс дэлхийн зах зээлд жижиг орон ч байгалийн баялгийн хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломжтой орон. Гэхдээ энэ боломж зөвхөн итгэл төрүүлж чадсан үед л биелдэг. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх цорын ганц зам бол ил тод байдал, урт хугацааны тууштай бодлого. Өөр юу ч биш. Үгүйдээ л хөрөнгө оруулагчдын “Миний гэрээ маргааш хүчинтэй хэвээр байх уу”, “Надад шударга шүүхээр маргаан шийдвэрлэх боломж бий юү”, “Нэг сайд солигдоход бүх нөхцөл өөрчлөгдөх үү”, “Би авлига өгөхгүйгээр бизнесээ авч явах боломжтой юу” эдгээр асуултад бардам хариулчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Эдийн засагч Ч.Сосорбарам
Тус форумыг сүүлийн жилүүдэд тасралтгүй зохион байгуулж байгаа. Монгол Улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, амжилттай хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдээр үүний үр дүнг хэмжиж болно. Гэтэл өнөөдрийн байдлаар үр дүнг тодорхойлох төсөл, хөтөлбөрүүд хараахан хэрэгжээгүй байна. Хамгийн гол нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, түүний үр өгөөжийг хүртэх асуудал байгаа. Үүний тулд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн байдлыг тодорхой болгох ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа тодорхой болгох хэрэгтэй. Хий дэмий хурал, зөвлөгөөн зохион байгуулах нь үр дүнгүй, хоосон зардал болж байна.
News.mn
Монголын эдийн засгийн форум нь эдийн засаг болоод нийгэмд өсөлт, өөрчлөлт авчрах зорилготой бол агуулгын шинэчлэл хийх цаг нь болсон гэдэг нь эндээс харагдана. Зөвхөн уриа бус, бодит үр дүн авчирдаг форум болохыг нийгэм, хөрөнгө оруулагч нар, дэлхий нийт харж байна. Давосоос хуулбарласан нэрэндээ “хүрч ажиллах” сорилт зайлшгүй бий болжээ. 
Монголд төрийн дэмжлэгтэй хурал, зөвлөлгөөн ихэдсэн үү гэхээс багадаагүй. Төрийн ордонд өдөр өнжихгүй шахуу болдог чуулган, томоохон зочид буудлуудын хурлын танхимыг дүүргэдэг семинарууд... Гэвч энэ бүхнээс гарсан шийдвэр нь төрийн бодлого болсон нь хаана байна. Уг нь хэлэлцсэнээ шийдвэрлэж, хэрэгжүүлж чаддаг бол асуудлаа ярилцаж, цаашдын шийдэл, чиг баримжаагаа тодорхойлсон форум, чуулган ихээхэн ач холбогдолтой. Дэлхийд ч хурлын шийдвэр, хэрэгжилтээр тухайн арга хэмжээний үр дүнг хэмждэг жишиг бий. Харин олноороо цуглаж, сүртэй ёслол хийж, хэлбэрддэг байдал л Монголын жишиг болсонд учир байгаа юм. Форум бидэнд хэрэгтэй ч яг зорилгоо тодорхойлж асуудлын цэгт нь хатгаж чаддаггүй нь арга хэмжээг ач холбогдолгүй болгож байна даа. Юу гэдэг билээ, “Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэдэг билүү? Угтаа бол гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж авчрахад хурал бус, Монгол төрийн бодлогоо болгон баталсан хууль л илүү чухал үүрэгтэй юм.
By O.Эрдэнэчимэг



Нийтэлсэн огноо2025-07-04