Далай ламын хойд дүрийн асуудлыг гаднын том хэвлэлүүд хэрхэн харж байна вэ www.eguur.mn
Далай лам 90 насны төрсөн өдрөө ням гарагт /2025.07.06/ тэмдэглэсэн. Түүний хойд дүрийг тодруулахтай холбоо бүхий асуудал болон төрсөн өдрийн талаар олон улсын хэвлэлүүд ихээхэн мэдээлж буй. Тэгвэл дэлхийн томоохон хэвлэлүүд Далай ламын талаар ямар нийтлэл бичсэнийг харцгаая.
CNN: 90 нас хүрсэн Далай лам хойд дүр тодруулах асуудал дээр Бээжинтэй эцсийн удаа сөргөлдөхөд бэлтгэж байна
Өнгөрсөн зууны ихэнх хугацааны турш Далай лам Төвөдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн бэлгэдэл болон амьд үлгэр дуурайл болж ирсэн билээ. Тэрбээр БНХАУ-ын Коммунист намын удирдлага дор буй Төвөдийн эрх чөлөөний төлөө тууштай зүтгэсээр ирсэн.
Дэлхий даяар Төвөдийн Буддизм шүтдэг олон сая хүний шашны тэргүүн Далай лам одоо Бээжингийн эрх баригчидтай шийдвэрлэх тулаанд бэлтгэж байна. Энэ бол өөрийнх нь хойд дүрийг тодруулах асуудал.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.07.02/ Далай лам мэдэгдэл хийхдээ түүнийг таалал төгссөний дараа хойд дүр төрөх болно хэмээсэн. Хэн түүний хойд дүр болохыг зөвхөн өөрийнх нь үүсгэн байгуулсан Гадэн Подран сан тодруулах эрхтэй гэж тэр мэдэгдсэн юм.
Энэ удаагийн хойд дүр тодрох нь зөвхөн шашны асуудал бус болоод байна Далай ламын хойд дүрийг тодруулах нь Төвөдийн ирээдүйтэй холбоотой, цаашлаад Хималайн бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлыг өөрчилж болзошгүй том сэдэв боллоо.
Далай ламын орчуулагчаар олон жил ажилласан Түвдэн Жинба “Тэр бид бүгдийг нэгтгэж, татаж чадсан. Би залуу төвөдүүдэд “Бид ийм бат бөх хад мэт хүн дээр тулгуурлан өссөн болохоор заримдаа эрх дураараа байдаг. Гэтэл нэг өдөр энэ хад үгүй болбол бид яах вэ” гэж үргэлж хэлдэг” хэмээжээ.
Зургийн эх сурвалж: Harvard Business Review
Энэ жил нийтлэгдсэн номдоо Далай лам өөрийнх нь хойд дүр Хятадын гадна, эрх чөлөөтэй ертөнцөд төрнө гэж бичсэн. Тэрбээр дэлхийн даяар Төвөд Буддизмыг шүтдэг сүсэгтнүүдийг Бээжингийн сонгосон хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг мөн тус номдоо уриалсан юм.
Харин БНХАУ-ын Коммунист нам Далай лам төдийгүй бүх дээд лам нарын дараа төрлийг тодруулах гэж мэдэгдсээр буй. Энэ нь шашныг үл хүлээн зөвшөөрдөг Коммунист нам олон зуун жилийн түүхтэй шашны уламжлалыг захирч, төвөдүүдийн сэтгэл зүрх, оюун санааг хяналтдаа авахыг оролдож буй хэрэг юм.
Бээжин өнөөгийн Далай ламыг аюултай салан тусгаарлагч гэж үздэг. Мөн төвөдүүд эсэргүүцлийн жагсаал үйлдэж, үймээн самууныг өдөөсөн гэж түүнийг буруутгадаг.
Далай лам харин энэ бүхнийг үгүйсгэж, Төвөдөд бүрэн тусгаар тогтнол бус, жинхэнэ өөртөө засах эрх хүсэж “дунд замын” бодлого баримталдаг гэж мэдэгдэж буй.
Зарим залуу төвөдүүд түүний “дунд замын” бодлогыг БНХАУ-д хэт буулт хийсэн явдал гэж үздэг. Хэрэв цөллөгт байгаа төвдүүдийг нэгтгэж, хэт туйлширсан үзлийг хязгаарлах удирдагч байхгүй бол бүрэн тусгаар тогтнол шаардах хөдөлгөөн эрчээ авах магадлалтай.
Хятадын улс төр, эдийн засгийн нөлөө өсөхийн хэрээр Далай ламын олон улсын нөлөө буурч байна. Тэрбээр нас ахиснаар гадаад айлчлал хийх нь ч багассан. 1991 оноос хойш Далай лам хэд хэдэн удаа Цагаан ордонд хэд хэдэн удаа айлчилсан ч 2016 онд Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсанаас хойш АНУ-ын ямар ч ерөнхийлөгчтэй уулзаагүй.
Гэсэн ч зарим төвөдүүд итгэл найдвараа алдаагүй байна. Түүний орчуулагч Жинба “Хэрэв бид зөв ажиллаж, шинэ Далай лам тодорч, энэ институц үргэлжилж чадвал, энэ бэлгэ тэмдгийн хүч хадгалагдаж үлдэнэ гэж би итгэж байна” гэжээ.
Reuters: Далай лам Төвөд болон Төвөдийн ард түмний төлөө эцэж цуцалгүй тэмцэж ирсэн
Төвөдийн Буддизмын удирдагч Далай лам өөрийгөө энгийн нэг лам хэмээн нэрлэдэг. Гэхдээ тэр өөрийн итгэл үнэмшил, эелдэг зангаараа зэвсэглэн, ард түмнийхээ үйл хэргийг дэлхий дахины анхаарлын төвд авч ирж чадсан.
Тэр олон улсын удирдагчидтай удаа дараа уулзаж, “Боломжтой бол үргэлж эелдэг бай. Боломж үргэлж олддог” гэх мэт үгсээрээ сая сая хүнд урам зориг өгсөн.
Харин түүний ийм нэр хүнд нь Бээжинг бухимдуулдаг. Хятадын эрх баригчид түүнийг аюултай салан тусгаарлагч гэж нэрлэдэг юм. Коммунист намын нэгэн хуучин удирдагч түүнийг шившигтэй, араатны зүрх гэж доромжилж байсан удаа бий.
Тэрбээр 1935 онд одоогийн БНХАУ-ын Чинхай мужид гурвалжин будаа болон арвай тариалдаг жирийн айлд мэндэлжээ. Эцэг, эх нь түүнд Лхамдонров нэрийг өгч, хоёр настайдаа тэр 14 дэх Далай ламаар тодорсон. Тэр өмнөх Далай ламын эд зүйлсийг зөв таньсан зэрэг шалгуураар хойд дүрээр тодорсон юм.
БНХАУ 1950 онд Төвөдийг эзэлж. Тухайн үед өсвөр насны хүүхэд байсан Далай лам Мао Зэдун болон Хятадын бусад удирдагчидтай уулзахаар Бээжинд очоод нэг их удалгүй улс төрийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Үүнээс есөн жилийн дараа, түүнийг баривчлах гэж байж магадгүй гэсэн цуурхал гарсны улмаас бослого дэгдсэн байна.
Зургийн эх сурвалж: NBC News
Бослогын дараа БНХАУ цэргийн хүчээр дарамт үзүүлж, Далай лам Лхаса дахь ордноос жирийн цэрэг мэт хувцаслан зугтсан байдаг. Тус ордонд далай ламын өмнөх дүрүүд төрийн ажлыг гүйцэтгэдэг байсан юм.
Тэрбээр Энэтхэг рүү дүрвэж, Хималайн уулсын дунд орших Дарамсала хотод суурьшсан. Тэндээ Далай лам цөллөгт дэх Төвөдийн засгийн газрыг байгуулж, сонгуулиар томилогддог парламенттай болгосон.
Далай лам Бээжинтэй харилцаж, ойлголцох гэж оролдсон ч амжилт олж чадаагүй учир тэр 1988 онд Төвөдийн тусгаар тогтнол бүрэн тусгаар тогтнол бус, соёл, шашнаа хадгалах эрх чөлөө хүсэх зорилготой болсон гэж мэдэгдсэн. 2011 онд Далай улс төрийн үүргээсээ татгалзаж, энэ үүргийг цөллөг дэх Төвөдийн засгийн газарт шилжүүлсэн юм.
Гэвч тэр өнөөдрийг хүртэл идэвхтэй ажилласан хэвээр. Далай лам одоо ч гэсэн тасралтгүй зочид хүлээн авч, уулзалтуудаа үргэлжлүүлсээр байна. Тэрбээр өвдөгний мэс засал хийлгэж бусад эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байгаа. Гэсэн ч тэр урт насална гэж итгэдэг хэвээр. Далай лам бямба гарагт /2025.07.05/ мэдэгдэл хийхдээ 130 насална гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хэлэхдээ 110 насалж магадгүй гэж байсан билээ.
New York Times: Хойд дүрийн асуудал дээр Далай лам яагаад уламжлалыг үргэлжлүүлэхээр шийдсэн бэ
Далай лам олон арван жилийн турш цөллөгт байхдаа нэг зүйлийг эргэцүүлж ирсэн. Тэр нь түүнийг таалал төгссөний дараа Хятадын засгийн газар Төвөдийн Буддизмыг гартаа оруулж, төвөдүүдийн өөртөө засах эрхийн төлөөх тэмцлийг зогсоохоос хэрхэн сэргийлэх вэ гэх асуудал юм
Анх тэрээр Далай лам гэх институцыг бүрмөсөн зогсоож болох талаар санал дэвшүүлж байв. Ингэснээр Бээжингийн хяналт тогтоох зэмсгийг нь үгүй хийнэ. Харин дараа нь тэрбээр өөрийнх нь оронд Хятадын Коммунист нам өөрсдийн хүнийг хойд дүрээр тодруулахыг хэрхэн сэргийлэх вэ гэдэгт төвлөрсөн.
Өмнө нь тэр уламжлалыг тасалж, дахин төрөх хүүхдийг хүлээхээс илүүтэйгээр таалал төгсөөгүй байх үедээ өөрийн эрх мэдлийг насанд хүрсэн хүнд шилжүүлж магадгүй гэж хэлж байсан. Ингэснээр Төвөд Буддизм удирдагчгүй, завсрын үе үүсгэхгүй гэж тэр үзэж байсан юм.
Гэхдээ өнгөрсөн лхагва гарагт /2025.07.02/ тэр уламжлалаа хадгална гэдгээ тодорхой зарласан. Далай ламын хэлснээр, Далай лам гэсэн институц цаашид ч оршиж, хойд дүрийг тодруулах уламжлалт аргаар сонгоно. Түүний хойд дүрийг зөвхөн өөрийнх нь үүсгэн байгуулсан Гадэн Подран сан л тодруулна гэж тэр хэлсэн.
Тэрбээр шинэчлэгч нэгэн ч гэсэн шашны гол үндэс болсон ойлголтыг хадгалж, нөгөөтээгүүр Бээжингийн улс төрийн хөндлөнгөөс оролцоог хаах хоёрын дунд маш нарийн зааг барьж байгааг энэхүү шийдвэр харуулж байгаа юм.
Далай лам өөрөө 70 гаруй жил энэ албан тушаалыг хашиж, асар их нөлөөтэй байсан ч институцыг өөрчлөх боломж нь хязгаартай гэдгийг ойлгожээ. Мөн Төвөдийн ард түмэн Бээжингийн эсрэг тэмцэж буй нь “Давидийн эсрэг Голиат”-тай адил тэгш бус гэдэг бодит байдлыг тэр ухамсарлаж байгааг ч харууллаа.
Зургийн эх сурвалж: Washington Post
Лондон дахь Зүүн, Африк судлалын сургуулийн Төвд судлаач Роберт Барнетт хэлэхдээ “Ямар ч шашинд, тэр дундаа шинэчлэл хийх гэж буй удирдагчтай шашинд, гол асуудал нь ‘Нийгмээ шинэ зам руу хэр хол хөтлөх боломжтой вэ?’ гэх асуудал байдаг” гэсэн юм.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Төвөдүүд хойд дүрийг тодруулах шинэ арга, уламжлалд хараахан бэлэн биш байгааг Далай лам мэдэрсэн байж мэднэ” хэмээжээ. Далай лам уламжлалаа хадгалах шийдвэр гаргасан ч, Бээжингийн нөлөөллөөс сэргийлэх “хязгаар” тогтоохыг оролдсон.
Ийм учир өөрийнх нь үүсгэн байгуулсан сан л хойд дүрийг тодруулна хэмээн мэдэгдсэн юм. Далай лам “Энэ асуудалд өөр хэн ч оролцох эрхгүй” гэж тэр лам нарт хандан илгээсэн бичлэгт мессеждээ онцолсон.
Харин шашингүй үзэлтэй Хятадын Коммунист нам Далай ламын Төвөд дэх нөлөөг сулруулахыг оролдож, түүний хойд дүрийг зөвхөн бид сонгоно гэж зүтгэсээр байгаа юм.
Эх сурвалж: CNN, Reuters, New York Times
Нийтэлсэн огноо2025-07-07