“V цахилгаан станцыг гацаасан асуудлыг хуулийнхан анхаарах хэрэгтэй” www.news.mn
Ерөнхий сайд ГЗанданшатар өнөөдөр ДЦС-3 ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр холбогдох албныханд үүрэг чиглэл өгөхдөө “Эрчим хүчний салбарынхан нэг асуудалд анхаарч ажилламаар байна. Салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний болон дагалдах бусад хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, дахин сайн боловсруулж Засгийн газарт танилцуулах хэрэгтэй байна. Ялангуяа Концессын хуульд өөрчлөлт оруулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой байгаа. Салбарынхан дотроо ашиг сонирхлын зөрчилтэй, цаана нь нэг үл үзэгдэх хүчин үйлчилдэг. Жишээлбэл, Тавдугаар цахилгаан станцын асуудал байна. Энэ станцын ажил 1987 онд таван жилийн төлөвлөгөөнд орж байсан цагаас хойш 2008-2012 оны Засгийн газрын үед өөрсдөө хөрөнгөө гаргаад барих шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл өөр нэг төсөл гаргаж ирээд зогсоочихдог. Эсвэл шүүхдээд зогсоочирдог. Ингээд эрчим хүчний хараат байдалд байлга гэсэн юм шиг ашиг сонирлын зөрчил байж болохгүй. Хэсэг бүлгээрээ хуваагддаг. Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад огт ашигладаггүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, эрэлт буурч байна. Энэ цаг үед бид цахилгаан станцуудаа байгуулж, нүүрсээ жинхэнэ хар алт болгох боломж байна. Гадаадаас маш өндөр үнээр худалдаж авдаг импортоо бууруулах боломжтой. Манай улс үндсэндээ 200 сая ам.доллараар гадаадаас цахилгаан эрчим хүч импортолж байна. Энэ мөнгөөр V цахилгаан станц барих бүрэн боломжтой байхад шүүхдээд унагаачихдаг. Үүний цаана ямар асуудал байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй” гэсэн юм.
Дашрамд дурдахад, энэ төсөл нь нийслэлээс хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг бөгөөд нийт санхүүжилт нь 600 сая ам.доллар гэдгийг албаныхан мэдээлсэн. Тендерт нь БНХАУ-ын “Хуаси энержи” гэх компани саналаа ирүүлсэн байна.
Нийтэлсэн огноо2025-07-17