Б.Жавхлан: Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ www.itoim.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх хувилбаруудыг хэлэлцсэн байна. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэгт Ерөнхий сайд Г.Занданшатар цалин, тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх боломжоо танилцуулсан. Ингээд багш нарын цалинг 10-20 хувиар, эмч нарын цалин, 10-15 хувиар, ахмад настны тэтгэврийг 8 хувиар нэмэх улс төрийн шийдвэрт хүрч, тодорхой үүрэг даалгаврыг холбогдох сайд, газруудад өгсөн. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зарим тооцооллыг хийснээ танилцууллаа.
Ирэх жил ахмад настны тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 490 тэрбум, багш эмч нарын цалинг 10-20 хувиар нэмэхэд 300 орчим тэрбум гээд нийтдээ 831 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоог хийсэн байна. 2026 оны төсвийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа учраас шууд төсөвт эх үүсвэр тусгах боломжгүй, харин саналаа УИХ-аас байгуулсан Ажлын хэсэгт хүргүүлэх боломжтой юм байна. Иймээс Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэх эх үүсвэрийг хаанаас, хэрхэн гаргах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, саналаа УИХ-д хүргүүлэхээр болсон байна.
Засгийн газар хөндөж болох урсгал зардлаа хасах замаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх 831 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах аж. Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн ирэх онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны зардлыг 10 хувиар бууруулах юм байна. Энэ нь тийм ч сайн хувилбар биш бөгөөд төрийн үйлчилгээ энэ хэрээр буурна, төлөвлөсөн ажлууд 10 хувь дутах эрсдэлтэй. Гэхдээ бүрэн зогсчихно гэж ойлгож болохгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхлээд төрийн бүх шатны үйл ажиллагааг 10 хувиар бууруулах, хязгаарлах замаар багш, эмч нар, ахмадын тэтгэврийн нэмэгдүүлэх эх үүсвэрийг шийдэх саналаа Засгийн газар УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-10-15