Гадаадын 23.8 мянган иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна www.news.mn
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос гаргасан тоон мэдээллээр 2025 оны III улирлын байдлаар 103 улсын 23.8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Үүнээс гадна орлого олох зорилгогүй орж ирсэн сайн дурын ажилчид мөн байгаа ажээ. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 6 мянган хүнээр, өмнөх улирлаас 2.8 мянган хүнээр өсчээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 21.9 мянга нь эрэгтэй, 1.9 мянга нь эмэгтэй байна. Тухайн ажилчдыг насны бүлгээр авч үзвэл, 35-39 насны 4.2 мянган хүн, 20 хүртэлх 240 хүн ажиллаж байна. Гадаадын хөдөлмөрийн насны иргэдийг боловсролын түвшнээр авч үзвэл 8.2 мянга нь техникийн мэргэжилтэн, 5.8 мянга нь бүрэн дунд, 5.3 мянга нь бакалаврын болон дипломын дээд, 3.8 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 365 нь магистр, докторын зэрэгтэй аж.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 70.6 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь Энэтхэг, 3.2 хувь нь Вьетнам, 2.5 хувь нь Филиппин, 1.8 хувь нь Балба, 1.4 хувь нь ОХУ, 1.3 хувь нь Өмнөд Солонгос, 1.2 хувь нь АНУ, 0.9 хувь нь Индонез, 6.2 хувь нь бусад улсын харьяатай байна.
Нөгөөтэйгүүр, 2025 оны III улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр 206 хүн гадаад руу зуучлуулжээ. Энэ нь 2024 оноос 70 хүнээр өсөж, өмнөх улирлаас 19 хүнээр буурсан байна. Нийт хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр 206 иргэн зуучлагдсаны 176 нь Өмнөд Солонгос руу, 30 нь Япон улс руу зуучлагдсан байна.
Нийтэлсэн огноо2025-10-17





