Д.Даваабаяр: Шатахууны үнэ нэмэгдэхгүй www.eagle.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ-аас шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Манай улс энэ сард 186700 тонн шатахуун худалдаж авахаар захиалга өгчээ. Өнөөдрийн байдлаар 116000 тонныг нь татан аваад байгаа аж.
Сард нийтдээ АИ93 шатахуун 60-67 мянган тонныг хэрэглэдэг байна. Үүний 45 мянган тонныг нь хүлээн авчээ. Сар дуусахаас өмнө 20 гаруй мянган тонн нь импортоор орж ирэх юм байна.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "Агуулахаас ШТС-уудад шатахуун нийлүүлдэг. Агуулахууд нь амралтын хоёр өдрийн аль нэгэнд амардаг. Ихэвчлэн бүтэн сайнд амардаг. Үүнтэй холбоотойгоор өчигдөр асуудал үүссэн. Агуулахад хангалттай нөөц бий. Улаанбаатар хотын агуулахуудад л гэхэд 8000 тонн шатахуун байна. ШТС-уудад 20 гаруй мянган тонн бий.
Шатахууны үнэ бол нэмэгдэхгүй. ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй үнээр авч байгаа" гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "БНХАУ-аас шатахуун авч байгаа. ОХУ-аас авч байгаа үнээс тонн тутамдаа 160 ам.долларын зөрүүтэй. Арай илүү үнэтэй гэсэн үг. Энэ сард БНХАУ-аас 15500 тонн шатахуун авахаар тохирч аваад эхэлсэн. БНХАУ-аас авч байгаа шатахууныг адилхан үнээр иргэдэд нийлүүлэхийн тулд Засгийн газраас 7.5 тэрбум төгрөг гаргаж байгаа. Шатахуун импортлогчдад төрөөс татаас өгч байгаа гэсэн үг" гэв.
Нийтэлсэн огноо2025-11-18





