"Ноолуураар "Эрдэнэт" үйлдвэрийн жилийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө олох боломжтой" www.eagle.mn
Монгол улсын экспортын орлогын 93 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Тэгвэл зөвхөн уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн жилийн орлоготой тэнцэх хэмжээний буюу 1.4 тэрбум ам.долларыг ноолууран эцсийн бүтээгдэхүүнээс олох боломж байна.
Энэ талаар Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Сүүлийн 20 жил Монгол Улсын экспортод уул уурхайн бүтээгдэхүүн их хэмжээгээр гарах болсон. Энэ хэмжээ нэмэгдэхээр уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь багасаж байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж гаргах нь үнийн дүн өсөхөөс гадна ажиллах хүчний оролцоо талаасаа нийгэмд өгөөжтэй. Өнгөрсөн онд ноолуурыг угаагаад экспортлох боломжтой байсан. Харин одоо самнасан байдлаар гаргаж байна. Угаасан ноолуур, самнасан ноолуур хоёр гурав дахин үнийн зөрүүтэй байдаг. Самнасны дараа утас ээрэх, шүлжих цаашлаад эцсийн бүтээгдэхүүн гаргах байдлаар экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
Монгол банкнаас гаргасан судалгаагаар, ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах юм бол 10 мянган тонн түүхий ноолуураар 1.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой нь тогтоогдсон. Зэсийн экспортын Эрдэнэт үйлдвэртэй ижил орлого олох боломжтой нь харагдаж байгаа юм" гэв.
Нийтэлсэн огноо2025-11-17





