Тогтоолын төсөл: “Онтрэ” ХХК-иас 34% эсвэл АМНАТ авах, зээлийн хүүг бууруулах, монголын өгөөжийг 53%-д хүргэх чиглэл багтжээ www.eguur.mn
"Оюутолгой"-н асуудлыг Хянан шалгах түр хороо сонсголын тайлан, дүгнэлтээ хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх тогтоолын төслөө баталжээ. Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг өнөөдрийн /2025.12.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Иймд, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал хэрхэн тусах вэ гэдэг олон нийтийн хүлээлт үүсчхээд буй.
Бидэнд олдсон мэдээллээр хоёр зүйл, дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг боловсруулан бэлтгэжээ.
Тогтоолын төслийн агуулга:
Нэгт, ”Оюу толгой” ордын талбайн хил заагт орших “Онтрэ” компанийн эзэмшлийн "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх,
Тайлбарлахад, “Онтрэ” компани Оюу толгойн бүлэг ордын хүрээнд “Шивээ толгой”, “Жавхлант” хэмээх хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг. Тэднийгээ “Оюу толгой” ХХК руу шилжүүлэх хэлцлийг манай Засгийн газрыг оролцуулахгүйгээр эхлүүлсэн бхйдаг. Лицензийг Засгийн газрын саналгүйгээр шилжүүлж болохгүй бөгөөд манайх “Онтрэ” ХХК-тай 34 хувь юм уу АМНАТ авах хэлцэл хийх ёстой. Хоёр шинэ лицензийн хүрээнд тусдаа гэрээ байгуулдаггүй юм гэхэд хөрөнгө оруулалтын үндсэн гэрээгээ өөрчлөх ёстой болж буй.
Хоёрт, Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг дүгнэх, өөрчлөлт оруулах. Хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүг зах зээлд нийцүүлэн бууруулах,
Тайлбарлахад, Рио Тинто олон улсын зах зээлээс 4–5 хувийн хүүтэй зээл авч байж, Оюутолгойгоор дамжуулан хоёр дахин өндөр буюу 11.1 хувийн хүү тогтоож байгаа нь ноцтой дарамт үүсгэж байна. Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюутолгойд нийтдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлжээ. Энэ зээлийн 6.1 тэрбум ам.доллар нь Рио Тинтогоос авсан бөгөөд өнөөдөр хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж, 12 тэрбум ам.долларт хүрээд буй.
Гурав, Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх. Ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,
Тайлбарлахад, Оюутолгой ордыг 80 гаруй жил ашиглах нөөцтэйгөөс 35 нь Онтрэ компанийн эзэмшлийн талбайд бий. 2003-2024 оны хооронд өнөөдрийн байдлаар Онтрэгийн тусгай зөвшөөрлийн хоёр талбай дээр 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэсэн аж.
Дөрөв, Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53%-иас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг таван жил тутамд харилцан хянах,
Тайлбарлахад, Монголчууд Оюутолгойгоос хэзээ ашгаа хүртэх вэ гэдэг асуудал ид яригдаж байна. 34 хувь эзэмших нь буруу байсан гэдгийг нээлттэй сонсголын үеэр бүгд хүлээн зөвшөөрч, гэмшицгээсэн. Өдгөө эл хувиа нэмэгдүүлэх, өгөөжийг хэлцэл хийх зайлшгүй шаардлага тулгараад буй.
Тогтоолын төсөлд тусгагдсан дээрх дөрвөн агуулгыг ойлгомжтой болгох үүднээс редакцын тайлбар нэмж зүйснээ энд тодотгоё. Өөрөөр хэлбэл, авч хэлэлцэх асуудал нь ямар түвшинд байгаа, түүнийг тогтоолын төсөлд хэрхэн тусгаж оруулж ирснийг ялган харах боломжтой юм.
Нэмж мэдээлэхэд,
Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг хуульд нийцүүлэх, 2026 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, улирал тутам танилцуулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарт даалгажээ.
Ямартай ч Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал "Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой” гэдэг байр сууриа ч тодорхой илэрхийлжээ. Мөн тус түр хороо УИХ-ын 2008 оны 40, 57 дугаар тогтоолуудаар Засгийн газарт өгсөн чиглэлүүд нь үр ашигтай ХөОГ болон ХНГ байгуулах боломжийг олгосон. Засгийн Газраас Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахад УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолуудад заасан шаардлагыг хангаагүй, тус гэрээний зарим заалт, тэдгээрийн агуулга, зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэж дүгнэлтээ ч гаргажээ.
Засгийн газарт чиглэл болгох тогтоолыг О.Батнайрамдал нар зангидаж, батлах ажлыг Н.Учрал гардаж, хэлцэлд улаан нүүрээрээ орж, тогтоол хэрэгжүүлэх ажлыг Г.Занданшатар хариуцаж, хяналтыг Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нар тавих нь ээ.
Нийтэлсэн огноо2025-12-18





