Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 714 мянган төгрөг байна www.montsame.mn
Улсын хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 714 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Харин үндсэн цалингийн дундаж 2 сая 456 мянган төгрөг, голч цалин 2 сая 312 мянган төгрөг байна.
Дундаж цалинг энэ улиралд шинэчилсэн аргачлалаар тооцсон бөгөөд өмнөх онуудтай шууд харьцуулах боломжгүй. Улмаар 2025 оны 1, 2 дугаар улирлын сарын дундаж цалин тооцох аргачлалыг өөрчлөн, тоог засварласан хэмээн мэргэжлийн байгууллага тайлбарлажээ. Гэхдээ энэ оны 2 дугаар улирлынхтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 26.8 мянган төгрөгөөр буурчээ. Гуравдугаар улирал /7,8,9 сар/-д цалин буурсан шалтгааныг боловсролын салбарын ажилтнуудын зуны амралт таарч Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн тайланд хамрагдагсдын тоо 2 дугаар улирлаас буурсантай холбоотой гэж ҮСХ үзжээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдынх хамгийн их, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 79.5 хувиар их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.8 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 32.6 хувиар бага байгаа аж.
Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-3.0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их 38.4 хувийг, 792.0 мянга хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 9.1 хувийг эзэлжээ.
Сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос шууд хамаардаг. Ажиллагчдын тоо ихсэх тутам сарын дундаж цалин нэмэгддэг онцлогтой.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.7-5.1 хувиар их байгаа юм. Баруун, Зүүн, Хангайн бүсэд 3-18.3 хувиар бага байна
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 97.5-545.2 мянган төгрөгөөр илүү байна.
Бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 87.4-1263.7 мянган төгрөгөөр бага байгаа аж.
Сарын дундаж нэрлэсэн цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч ажил, мэргэжилтэй ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 676.2 мянгаар их, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.6 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.1 сая төгрөгөөр бага байна.
НДЕГ-ын НДШ төлөлтийн тайланд нийт 54.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 835.4 мянган ажиллагч хамрагджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 3.8 хувиар өсжээ. Гэхдээ 2 дугаар улирлаас 0.8 хувь (456 мянга) -иар буурчээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд:
122.7 мянга нь боловсролынх,
116.0 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээнийх,
83.6 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллынх,
80.8 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийнх,
52.1 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийнх,
380.2 мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байжээ
Нийтэлсэн огноо2025-12-18





