Экспорт 2025 онд өмнөх оноос 81.9 сая ам.доллараар буурчээ www.news.mn
Монгол Улс 2025 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27 тэрбум ам.доллар болсон гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 1,4 хувь буюу 384.5 сая ам.доллар, экспорт 81.9 сая ам.доллар, импорт 302.6 сая ам.доллараар тус тус буурч, тэнцэл 220.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан ажээ.
Тэгвэл экспорт 2025 онд өмнөх оноос 81.9 сая ам.доллараар буурахад нүүрс, угаасан ноолуур, боловсруулаагүй газрын тос гэх мэт бүтээгдэхүүний экспорт буурсан нь нөлөөлсөн байна. Тодруулбал, нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 70.8 сая ам.доллар, сүлжмэл дотуур хувцас 5.5 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 2.5 тэрбум ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 341.6 сая ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 260.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 51.1 сая ам.доллараар өссөн байна.
Импорт өмнөх оноос 302.6 сая ам.доллараар буурсан байна. Үүнд ачааны автомашин 217.1 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг техникийн имдорт 67.7 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 52.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 48.9 сая ам.доллар, суудлын автомашин 43.7 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин дизелийн түлшний импорт 41.1 сая ам.доллар, азотын бордоо 22.4 сая ам.доллар, цахилгаан эрчим хүч 18.5 сая ам.доллараар өссөн байна.
Экспорт 2025 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас 30 хувиар буюу 454 сая ам.доллар, импорт 29,6 хувь буюу 253 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Нийтэлсэн огноо2026-01-13





