Багахангай-Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна www.montsame.mn
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр үе шатны барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Энэхүү төсөл Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн хүрээнд гуравдугаар зэрэглэлийн 102.8 км урт, 1520 мм царигтай төмөр зам барьж байгуулна. Уг зам нь гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөсөн.
Энэхүү салбар төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах боломж бүрдэж, ачаа тээврийн үндсэн дэд бүтцийн суурь болох юм.
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд үлдсэн 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ. Цаг уурын нөхцөл байдалтай холбоотой талбайн ажлыг түр зогсоосон. 2026 оны гуравдугаар сарын 15-наас барилгын ажлыг дахин эхлүүлнэ. Энэ хүрээнд инженер, техникийн ажилтнууд талбайн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байгаа аж.
Нийтэлсэн огноо2026-01-12





