Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна www.montsame.mn
Нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг 2026 оноос эхлэн олноор хийхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгохоор төлөвлөсөн байна. Улмаар Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг хийнэ. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Түүнчлэн он дамжин хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл хэрэгжиж байгаа юм. Үүнд тоглоомын талбай, хөлбөмбөгийн талбай, явган зам, нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилт, хашаа барих, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг ажлыг энэ онд үргэлжлүүлнэ. Тэгвэл 2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийтэлсэн огноо2026-01-13





