Rio Tinto, Glencore нэгдэх хэлцэл ид өрнөж байхад “Оюу Толгой”-г Хятад сонирхсоор байна www.eguur.mn
Glencore компанийн хувьцаа эзэмшигчид Rio Tinto-д хандан, хөрөнгө болон удирдлагын бүрэлдэхүүнээс аль ашигтайг нь шилж түүж авах оролдлого хийхээс татгалзахыг анхааруулсан. Дэлхийн уурхайн хамгийн том хоёр компанийн нэгдэж магадгүй дуулиан энэ салбарынхны анхаарлын төвд байсаар байна.
Гэвч Rio Tinto, Glencore-ийн нэгдэх хэлцэл Хятадын саадтай тулгарч болзошгүй нөхцөл үүсэв.
Энэ сарын эхээр уул уурхайн салбарын хоёр акул компани нэгдэх талаар урьдчилсан хэлэлцээ эхлүүлснээ мэдэгдсэн ч хэлцлийн бүтэц, хамрах хөрөнгийн талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Reuters агентлагийн мэдээлснээр, зөвшөөрөл авахын тулд эдгээр компаниуд зарим хөрөнгөө худалдах шаардлагатай болж мэднэ гэжээ.Тэдний тайлбарласнаар, одоогийн санал нь бүх хувьцаагаар хийгдэх хэлцэл байх бөгөөд Rio Tinto нь Glencore-ийн зарим эсвэл бүх хэсгийг худалдан авах хувилбар яригдаж буй.
Уул уурхайн салбар дахь өмнөх томоохон нэгдлүүд мөн Хятадын засаг захиргааны нарийн шалгалтад орж байсан. Тухайлбал, 2013 онд Glencore Xstrata-г худалдан авах үеэр Reuters-ийн мэдээлснээр Glencore компани Лас Бамбас зэсийн уурхай дахь өөрийн эзэмшлийн хувийг Хятадын худалдан авагчдад ойролцоогоор 6 тэрбум ам.доллар (41.78 тэрбум юань)-аар худалдсан юм.
Хятадын шийдвэр гаргагчид Rio Tinto–Glencore нэгдсэн тохиолдолд зэс болон төмрийн хүдрийн зах зээлд хэт давамгай байр суурь эзлэх эсэхийг илүү хянамгай нягтлах төлөвтэй байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Rio Tinto нь өөрийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох Хятадын төрийн өмчит Хөнгөн цагааны корпораци (Chinalco)-ийн эзэмшиж буй 11 хувийн хувьцааг бууруулахын тулд хөрөнгө–хувьцаа солилцох хувилбарыг аль хэдийн авч үзэж эхлээд байгаа.
Сонирхол татаж буй хөрөнгүүдэд Гвиней дэх Simandou төмрийн хүдрийн орд, Монгол дахь Оюу толгойн зэсийн төсөл багтсан хэвээр.
Ногоон эрчим хүчний шилжилт болон хиймэл оюун ухааны технологийн хөгжилд зэс чухал үүрэгтэй болсноор зэсийн хөрөнгийн эрэлт эрс нэмэгдсэн. Үүнтэй уялдан Rio Tinto болон Glencore компаниуд зэсийн салбарт илүү анхаарал хандуулж эхэлсэн нь Австралийн BHP зэрэг өрсөлдөгчдийн чиг хандлагатай нийцэж байгаа юм.
Зэсийн ач холбогдол нэмэгдэж байгааг бусад салбарын тоглогчид мөн онцолж, Anglo American болон Teck Resources компаниуд 53 тэрбум ам.долларын өртөгтэй нэгдэх хэлцэл төлөвлөж байгаа нь мөн Хятадын шийдвэр гаргачдын нарийн шалгалтад орох төлөвтэй байна.
Rio Tinto-гийн Glencore-ийг худалдан авах магадлалтай саналын гол цөм нь зэс
RBC Capital Markets-ийн мэдээлснээр, ирээдүйн зэсийн нийлүүлэлтийг хянах зорилгоос үүдэн Rio Tinto (NYSE, LSE, ASX: RIO) компани Glencore (LSE: GLEN)-т бүхэлдээ хувьцаагаар тооцох санал гаргана гэж хөрөнгө оруулагчид улам бүр хүлээж эхэлжээ.
RBC-ийн уул уурхайн салбарын шинжээч Бен Дэвис баасан гарагт хөрөнгө оруулагчидтай хийсэн сүүлийн үеийн ярианд тулгуурлан хэлэхдээ, Glencore-ийн нэгдүгээр сарын эхэн үеийн хувьцааны үнэд 15–30 хувийн нэмэгдэл санал болговол хэлцлийг амжилттай дуусгаж, BHP (NYSE, LSE, ASX: BHP)-ийг өрсөлдөн санал гаргахаас сэргийлж чадна гэжээ. Ийм тохиолдолд Glencore-ийн үнэлгээ 87 тэрбум ам.долларт хүрч болзошгүй юм.
Зэсийн нөөцийг баталгаатай болгох нь ойрын хугацаанд үнийг өсгөхөөс илүүтэй уг хэлцлийн үндсэн шалтгаан гэдгийг Дэвис онцолсон байна.
Glencore болон Rio компаниуд өнгөрсөн долоо хоногт, дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг бий болгох боломжтой хэлцлийн хүрээнд өөрсдийн бизнесийн зарим эсвэл бүхлээр нь нэгтгэх талаар урьдчилсан хэлэлцээ ид өрнөж байгаагаа зарласан. Боломжит хувилбаруудын нэг нь хоёр компанийн бүх хувьцаагаар хийгдэх нэгдэл байж болохыг Glencore болон Rio нэгдүгээр сарын 8-нд онцолсон юм.
Glencore-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 76 тэрбум ам.доллар, харин Rio компанийнх 145 тэрбум ам.доллар орчим байна.
“Уул уурхайн мөчлөг идэвхтэй хэвээр байгааг энэ бүхэн тод харуулж байна” хэмээн шинжээч Дэвис тайлбартаа бичжээ. “Жилийн өмнө олон хүн нэг их ойшоогоогүй Glencore болон Rio Tinto-гийн нэгдэх санаа нь зэсийн үнийн хүчтэй өсөлт, нөөцийн хомсдлын талаарх болгоомжлол хэрхэн нэмэгдсэн, мөн Аргентины нөхцөл байдал дээрдсэний дараа яг л тохиромжтой мөчөө оллоо. Хэлцэл эрчийг авсан бөгөөд хоёр компанийн хувьцааны үнийн хөдөлгөөнийг харвал зах зээл бодит санал гарна гэж хүлээж байна” гэв.
BHP-ийг ардаа үлдээнэ
“GlenTinto” хэмээн нэрлэгдэж болзошгүй нэгдсэн компани нь зах зээлийн үнэлгээгээрээ BHP-ийг гүйцэж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болохын зэрэгцээ, эрэлтийн өсөлт шинэ төслүүдийн олон сорилттой тулгарч буй энэ үед Rio Tinto-гийн урт хугацааны зэсийн оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх юм.
Сүүлийн долоо хоногуудад нийлүүлэлтийн тасалдал болон АНУ-ын худалдааны бодлоготой холбоотой тодорхойгүй байдал суурь металлуудын үнийг огцом өсгөж, зэсийн үнэ олон удаа шинэ дээд түвшинд хүрээд байна.
Өнгөрсөн жил 6.7 тэрбум ам.доллараар Arcadium Lithium-ийг худалдан авч литийн салбараа тэлсэн Rio компани Гвиней дэх Simandou төмрийн хүдрийн уурхай, Монгол дахь Оюу толгойн зэсийн уурхай зэрэг шинэ хөрөнгүүддээ олборлолтоо эхлүүлэхийн хэрээр 2030 он хүртэл түүхий эдийн олборлолт жилд дунджаар 3 орчим хувиар өснө гэж тооцоолж буй. Шинэ литийн төслүүд ч мөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж гүйцэтгэх захирал Саймон Тротт өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
Үүний үр дүнд Дэвисийн үзэж буйгаар, Rio компани Glencore-ийн нэгдэх тухай мэдээлэл зарлахаас өмнөх (“undisturbed”) хувьцааны үнэд 27 хувийн нэмэгдэл санал болгох төлөвтэй байна. Тэрбээр баасан гарагт Glencore-ийн хувьцааны зорилтот үнийг 530 пенс болгон нэмэгдүүлжээ.
Баасан гарагт Лондонгийн зах зээл дээр Glencore-ийн хувьцаа 2.6 хувиар буурч, 478.20 пенс болж хаагдсанаар компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 56 тэрбум фунт стерлинг (75 тэрбум ам.доллар) болов. Харин Rio-гийн хувьцаа Австралийн зах зээл дээр 0.7 хувиар өсөж, 148.25 австрали доллар-т хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 216 тэрбум австрали доллар (144 тэрбум ам.доллар) болжээ.
Хэлэлцээ эхэлсэн тухай мэдээ цацагдсанаас хойш хоёр компанийн хувьцааны үнэ нийтдээ өсөх хандлагатай байна.
Ихэнх хөрөнгө оруулагчид хэлцлийг аль болох энгийн бүтэцтэй байлгах нь чухал гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр BHP компани Anglo-д санал тавих үедээ гаргасан алдааг давтахгүй байх боломжтой гэж Дэвис онцоллоо. Энэ нь Glencore-ийг бүхэлд нь, түүн дотроо нүүрсний бизнесийг нь ч хамтад нь авах санал гаргана гэсэн үг гэв.
Зэсийн хөрөнгөө нэмэгдүүлэх сонирхолтойгоор BHP мөн зах зээл дээр идэвхтэй байгаа энэ үед “Glencore маш хүчтэй байр сууринд очлоо” гэж Дэвис бичжээ.
2018 онд нүүрсний сүүлчийн хөрөнгүүдээ зарсан Rio компанид дахин нүүрс рүү гар дүрэх шаардлага гарч магадгүй байна. Glencore аль хэдийн нүүрсний бизнесээ Австрали дахь тусдаа охин компанид шилжүүлж, бэлтгэл ажлыг хийгээд эхэлжээ.
Хэрэв Rio-гийн санал хангалттай өндөр биш байвал BHP оролцох боломж бий ч, хөрөнгө оруулагчид Rio-г илүү тохиромжтой эзэмшигч гэж харж байгааг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: Reuters, Mining.com, Financial Review
Нийтэлсэн огноо2026-01-21





