П.Болдбаатар: 43 жил "ДЦС-4"-т бүрэн шинэчлэл хийгдээгүй, нэг зуух нэмэх гээд 2018 оноос хойш явж байна www.eguur.mn
Өчигдөр /2026.01.20/ орой "ДЦС-4" ТӨХК-ийн Ерөнхий инженер П.Болдбаатар цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл өгөв.
Тэрбээр,
"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц өнөөдөр бүрэн хүчин чадлаараа буюу 7 турвин 8 зуухны горимоор тасралтгүй 73 хоног ажиллаж байна. Энэ нь ямар ч нөөц бэлтгэл тоноглолгүйгээр ажиллаж байгаа гэсэн үг. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлая. Бидний ажиллуулж байгаа зуухан дээр шугам хоолойд уур, ус ялгах процесс явагддаг. Энэ зуухны хүчин чадал цагт 420 тонн уурыг 560 градустай 140 даралттайгаар үйлдвэрлэдэг. Гэтэл энэ төхөөрөмжийн маань хамгийн гол хэсэг болох шугам хоолой, уур халаагч дээр гэмтэл гарсан. Тиймээс энэ гэмтлийг засварлахаар 24 цагийн турш тасралтгүй ажиллахаар байна. Бид эхлээд хөргөлт хийнэ. Дараа нь энэ олон мянган шугам хоолойноос аль нь гэмтсэн бэ гэдэг гэмтлээ олж тодорхойлно. Үүний дараа гэмтлээ хэрхэн засварлах вэ гэдэг асуудал яригдана. Учир нь зүгээр нэг гагнуурчин ирээд засчихдаг зүйл биш. Нарийн арга технологи, боловсруулалттай хийгддэг ажил. Тусгай зориулалтын электродоор, тусгай ур чадвар эзэмшсэн гагнуурчид ажиллана. Одоогийн байдлаар бид гэмтлээ тодорхойлчхоод байна. Уг нь дээр дурдсанчлан хөрсөн хойно нь гэмтлээ тодорхойлох ёстой ч иргэдийн нөхцөл байдал сайгүй байгаа учраас халуун байхад нь гэмтлээ тодорхойлж ажиллалаа.
Манай станц 43 жилийн настай. Энэ хугацаанд 100 хувь бүрэн шинэчлэл хийгдээгүй. Шугам хоолойг нь хэсэгчилж сольж ирсэн. Өөрөөр хэлбэл бүрэн хэмжээний их засвар хийгдэж байгаагүй. Бэлтгэл нөөц тоноглолгүй байна гэдэг өөрөө эрсдэл шүү дээ.
Бид 2020 оноос хойш турвинууд дээрээ шинэчлэл хийгээд 1-4 дүгээр турвиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 2015 онд мөн нэг турвин шинэчилсэн. Зуухан дээр бол шинэчлэл хийгдээгүй. Тиймээс бидэнд нэг зуух зайлшгүй шаардлагатай байна. 90 сая доллароор 1.6 жилийн хугацаанд нэг шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэж чадвал бэлтгэл нөөц тоноглолтой буюу их засвар хийх боломж нээгдэнэ. Мөн 30,000 айлыг цахилгааны эх үүсвэрээр хангах боломж нээгдэх юм. Одоо засвар хийж байгаа ч ахиад хаана гэмтэл гарахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Үгүйсгэх аргагүй. Энэ асуудлыг шийдээд өгөөч гэж 2018 оноос хойш явж байгаа.
Одоогийн гэмтлийг бид 24 цагийнхаа хугацаанд засварлаж чадахгүй. Бид захиалгаа 36 цагаар өгсөн. Энэ гэмтэл өглөө 6 цагт гарч зогссон. Маргааш өглөөний 6 цаг гэхэд гэмтлээ засчих болов уу. Дараа нь энэ олон шугам хоолойгоо усаар дүүргэнэ шүү дээ. Ингээд хэвийн байвал зуухаа галлах процесс эхэлнэ. 21-ний өдрийн оройн 18 цагийн ачаалалд оруулъя гэж л төлөвлөж байна" гэлээ.
Д.УЛСАА
Нийтэлсэн огноо2026-01-21





