2026 онд аялах орнуудын жагсаалтад Монгол Улс нэрлэгдсээр байна www.eguur.mn
2025 онд Монголд дэлхийн алдартай влогерууд, аялагчид болон олны танил одуудын цуваа тасраагүй. Аялал жуулчлал өмнөх жилүүдийнхээс 16 хувиар сэргэж нийт 854 мянга 235 жуулчин хүлээн авсан байна.
Монголд зочилсон нийт жуулчдын тоо 2024 оныхоос 45 мянгаар нэмэгдсэн бөгөөд Хятад жуулчид 28 хувь, Орос жуулчид 27 хувь, БНСУ-аас ирсэн жуулчид 21 хувь, Япон жуулчид 4 хувийг тус тус эзэлжээ.
“UN Tourism”-ийн албан ёсны сайт дээр бичсэнээр аялал жуулчлалын богино хугацааны чиг хандлагыг хянаж, дэлхийн аялал жуулчлалын салбарынханд олон улсын аялал жуулчлалын талаарх хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээг хүргэдэг.
Тэрхүү тайланг жилд дөрвөн удаа гаргадаг бөгөөд жуулчид хаашаа чиглэж байгаа болон тэдгээр жуулчид аль улс, бүс нутгаас гаралтай талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дүн шинжилгээ үүнд багтдаг.
Энэхүү НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2025 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 690 сая орчим жуулчин дэлхий даяар аялсан байна. Энэ нь 2024 оны мөн үеэс ойролцоогоор 33 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн 2025 онд аялал жуулчлал сэргэсэн 20 орны 15-рт Монгол Улс бичигдсэн байна.
2025 онд Соёл, спорт аялал жуулчалын сайд асан Ч.Номин 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газраас тогтоол гаргасныг танилцуулсан.
Энэ нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд бага хүүтэй буюу 6 жил хүртэлх хугацаанд 6 хувийн хүүтэй зээл гаргах, ингэхдээ 4 орчим их наяд төгрөгийг зээл гаргаж байж дөрвөн улирал дамнан ажиллуулах боломж бүхий жуулчны бааз, ариун цэврийн байгууламж зэргийг бий болгох боломжтой гэсэн юм. Монгол Улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд жил бүр энэ салбарт 7-9 хувийн өсөлтийг үзүүлэх шаардлагатай.
Дашрамд дурдахад, Монголд 30 хоногийн хугацаатайгаар жуулчлах зорилгоор ирж буй Австри, Бельги, Итали, Испани, Дани, Швед, Швейцарь, Их Британи зэрэг 34 улсын иргэдийг 2026 оныг дуустал визний шаардлагаас чөлөөлөөд буй.
Дэлхийн томоохон мэдээллийг агентлагуудын нэг CNN 2026 онд аялахыг зөвлөх газруудын жагсаалтаа зарласан бөгөөд үүнд Монголын Орхоны хөндийг багтаасан юм.
Энэ онд бид нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнгөрсөн жилүүдэд Монголд аялсан жуулчдын дийлэнх хувь нь зуны улиралд ирсэн бөгөөд дөрвөн улирлын аялал жуулчлалыг илүү хөгжүүлснээр тэрбум ам.долларын эргэлтийг бий болгох боломж бидэнд бий билээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-01-20





