ТӨСӨЛ: Гурваас дээш хүүхэдтэй өрхөд орон сууц, татварын дэмжлэг үзүүлнэ www.itoim.mn
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулж, санал авч эхэлжээ. Хаврын чуулганаар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх аж. Тус хуулиар гэр бүлийг, төрөлтийг дэмжих зорилготой. Манай улсын төрөлт сүүлийн жилүүдэд буурч байгаа учраас салбарын яам гэр бүл болон төрөлтийг дэмжих хуулийн төслийг боловсруулсан байна.
Ингэхдээ олон хүүхэдтэй буюу гурваас дээш хүүхэдтэй өрхөд орон сууцны дэмжлэг үзүүлэх, татвараас хөнгөлөх, гэр бүлийн хөгжлийн төвтэй байх, гэр бүлийн өдөртэй болох гэх мэт заалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлд:
6.1.Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
6.1.1.орон сууцны дэмжлэг үзүүлэх;
6.1.2.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх;
6.1.3.ажил, амьдралын тэнцвэрийг хангах;
6.1.4.гэр бүлийн боловсролыг дэмжих;
6.1.5.эрүүл мэндийг дэмжих;
6.1.6.нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;
6.1.7.гэр бүлийн өдрийг тэмдэглэх;
6.1.8.хууль тогтоомжид заасан бусад.
Орон сууцын дэмжлэг:
7.1.1. анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах гэж байгаа ипотекийн зээл олгох зорилтот бүлгийн жагсаалтад орсон залуу гэр бүл, 3 ба түүнээ дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн
10.1.2-т заасан орон сууцны зориулалтын дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлэх;
7.1.2.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.6-д заасан хуримтлалын нэрийн дансны мөнгөн хөрөнгө орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасны дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах;
7.1.3.энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан дэмжлэгт хамрагдах боломжгүй 3 ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл ахмад настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулах.
7.2.Орон нутгийн нэгжийн удирдлага иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан болон эзэмших эрхтэй газар дээрээ эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад дэмжлэг үзүүлэх асуудлыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
7.3.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан дэмжлэг болон төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах гэр бүлийн шалгуур, нөхцөлийг гэр бүлийн хөгжлийн болон орон сууц, барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
7.4.Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах гэр бүлийн шалгуур, нөхцөлийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
Татварын дэмжлэг
8.1.1. 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн аль нэгний, эсхүл 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн цалин, хөдөлмөрийн хөлс, 3 шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогыг албан татвараас чөлөөлөх;
8.1.2. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцныхаа талбайн хэмжээг ихэсгэх зорилгоор анх удаа орон сууцаа худалдан борлуулж олсон орлогод ногдуулж төлсөн албан татварыг буцаан олгох;
8.1.3.гэр хороололд оршин суугч гэр бүл эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох 3 сая төгрөг хүртэл татварын хөнгөлөлт эдлүүлэх.
Ажил амьдралын тэнцвэрийг хангах:
9.1.1.сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдаж байгаа хүүхэдтэй ажилтанд хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэж өгөх, авахад нь зориулж, ажилтны цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажлын цагийг 2 хүртэлх цагаар богиносгох;
9.1.2.гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтныг жилд нэг удаа 3 хүртэлх сарын хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ, зайнаас ажиллуулах;
9.1.3.ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа эдлэхийг хүсвэл ээлжийн нэмэгдэл амралтын хугацааг ажлын 2 өдрөөр нэмэгдүүлж олгох;
9.1.4.ажилтны тоо, хүсэлтийг үндэслэн байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох;
9.2.Ажил олгогч нь ажилтны эрүүл мэндийг дэмжих, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-01-22





