"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангаж байна www.montsame.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав.
"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэвч нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн байна.
Арван таван хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлыг гүйцэтгэж, өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ гэмтлийг ийнхүү шуурхай засварлаж, ажилд оруулж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахих эрсдэлтэй. Тиймээс шинээр яаралтай есдүгээр зуухыг барих шаардлагатай гэв.
Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулсан байна. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх зэрэг олон давуу тал бий болох юм байна.
Нэмэх 70 градусын хүнд орчинд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшаав.
Нийтэлсэн огноо2026-01-25





