Төмөр замын терминалын дэд бүтцийг санхүүжүүлэх санал тавьжээ www.montsame.mn
“Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг барихад хөрөнгө оруулах саналыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли, IFC суурин төлөөлөгч Матьё Давид Лё Блан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тавив.
Суурин төлөөлөгч Таехюн Ли дээрх асуудлыг Дэлхийн банкны удирдлагын түвшинд яаралтай танилцуулж, олгох санхүүжилтээс төмөр замын терминалд зохих хэмжээнд зарцуулахаа илэрхийлснийг ЗТЯ мэдээллээ.
Уулзалтаар талууд Багахангай – Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг байгуулахад Дэлхийн банкнаас гаргах хөрөнгө оруулалт, санхүүжилт, үүнтэй холбоотой Дэлхийн банкны дүрэм журамд оруулах өөрчлөлт, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлын талаар санал солилцжээ.
Талууд хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд ач холбогдол бүхий олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, зам тээврийн салбарын хөгжилд цаашид ахиц дэвшил авчрах олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ.
Нийтэлсэн огноо2026-02-24





