"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц 20 хувьтай байна" www.eguur.mn
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр ажиллаж байна.
Энэ үеэрээ "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том эрчим хүчний мега төслүүдийн нэг бөгөөд баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Тус станц нь Ховд гол дээр баригдаж байгаа бөгөөд 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтайгаар ашиглалтад орно.
Өнөөдөр Монгол Улсад ажиллаж буй томоохон усан цахилгаан станцууд болох Дөргөний усан цахилгаан станц (12 МВт) болон Тайширын усан цахилгаан станц (10 МВт)-аас даруй хэд дахин өндөр хүчин чадалтай энэ төсөл нь улсдаа хамгийн том УЦС болж байна.
Төслийн онцлог нь далангаас 5 км урт, 7.5 метрийн диаметртэй туннелээр усыг дамжуулж, 100 гаруй метрийн доод түвшинд байрлах цахилгаан станцын барилгад турбин генераторыг ажиллуулах инженерийн шийдэл юм. Анхны ТЭЗҮ-ээр 64 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөж байсан боловч туннелийн шийдлээр усны уналт, даралтыг нэмэгдүүлснээр хүчин чадлыг 90 МВт болгож өсгөсөн нь төслийн үр ашгийг эрс нэмэгдүүлсэн.
Сүүлийн 20 жилийн хугацаанд баруун гурван аймгийн эрчим хүчний хэрэглээ 12 МВт-аас 60 МВт хүртэл өсөөд байна. Цаашид хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор бүс нутаг импортын хараат байдлаас гарч, найдвартай, тогтвортой эх үүсвэртэй болно.
Одоогоор баруун бүс ОХУ болон БНХАУ-аас өндөр үнээр цахилгаан импортолж байгаа бол тус станц зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа 1 кВт.ц цахилгааныг ойролцоогоор 60 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байна. Усан цахилгаан станц нь ашиглалтын зардал багатай, урт хугацаанд хамгийн үр ашигтай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог.
Мөн туннелийн шийдэл нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгаж, Сэжигтийн хавцал орчмын байгалийн тогтцыг хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинээр усан сан үүссэнээр орчны бичил уур амьсгал сайжирч, загас үржүүлэг, аялал жуулчлал хөгжих боломж нэмэгдэнэ.
Нийт 280 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай уг төслийг 2028 онд ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. 1968 онд анх судлагдсан энэ төсөл ийнхүү 60 жилийн дараа бодит бүтээн байгуулалт болон хэрэгжиж, баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах түүхэн алхам болж байна" хэмээсэн юм.
Э.БАЯНМӨНХ
Нийтэлсэн огноо2026-02-24





