Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна www.montsame.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолдог. Импортоор авдаг агаарын хөлгийн түлшний хэмжээ 2022 онд 38492 тонн байсан бол 2025 онд 84366 тоннд хүрчээ. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулж тус улсын Засгийн газар экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт нөлөөлөх эрсдэлтэй тул Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Нийтэлсэн огноо2026-04-01





