Авсан зээлээ зарцуулж чадахгүй байгаагаас Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил удааширчээ www.eguur.mn
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Энэтхэгийн Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал хөндөгдлөө. Уг төслийг 2027 онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч Төсвийн тухай хуулийн зарим заалтаас шалтгаалан авсан санхүүжилтээ ашиглаж чадахгүйд хүрч, ажил удаашраад байгаа аж.
Тодруулбал, нийт санхүүжилтээс 480 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд 1.1 тэрбум орчим ам.доллар санхүүжилтээ зарцуулж чадахгүй хүлээгдэж байгаа аж.
Энэ талаар Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Гаднын санхүүжилтээр хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд өртөг зардал ихтэй тул улсын төсөвт жин дардаг. Энэ нь төсвийн зардлыг бууруулах зорилттой зөрчилддөг. Тиймээс Н.Алтаншагай нарын УИХ-ын гишүүд тодорхой хэдэн төслийн зардлыг улсын төсвийн хязгаараас гадуур авч үзэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүлээд байгаа. Гэвч хойшлогдлоо. Энэ нь бидэнд маш хүндрэлтэй байна. Авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж чадахгүй, гацааж байгаа талаар Энэтхэгийн Засгийн газраас удаа дараа шүүмжилж байгаа" гэлээ.
Гадаад зээл, тусламжийн төслүүдийн төсөвт тусгагдаж буй ашиглалтын дүнг нэмэгдүүлэхгүй байгаагийн улмаас гурван төсөл тутмын нэг нь хугацаа сунгадаг, нэг төслийн хэрэгжих дундаж хугацаа нь 5 жил болж, 1-2 жилээр уртсаж, ашиглаагүй үлдэгдлийн болон хүүгийн төлбөр нэмэгдэж, зардал өсөх зэргээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
Д.ХАДААН
Нийтэлсэн огноо2026-04-01





