Гэсэр баатарлаг туульсын ховор эхийг Монгол Улсад шилжүүлэв www.news.mn
Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлжээ. Тодруулбал эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайба-ын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга аж. Уг орчуулгыг нэрт лам Сэрэгэтү гүүш цорж Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай байна. Энэхүү эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжин хотноо уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалжид тооцогдож байна.
Эдгээр бичвэрүүд нь өмнө нь судлаач Рихард Эрнст-ийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан бөгөөд олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байгаа нь энэ юм.
Нийтэлсэн огноо2026-04-06





