Ж.Батжаргал: Шатахууны үнэ 2.5 дахин өсөх эрсдэлтэй байна www.itoim.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа.
Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг учраас үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүний өртөгт томоохон нөлөө үзүүлдэг. Уг нөлөөллийг багасгахын тулд ковидын үеийнх шиг шуурхай зохицуулалтыг шинж чанартай зарим хуулийг батлах ёстой юу гэдгийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Улсын хэмжээнд хэрэглэж буй шатахууны 70 орчим хувь нь дизель түлш. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын техник хэрэгсэлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Бид нөхцөл байдлыг урьдчилж харсан учраас хаврын тариалалтын үед шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг нөөцөлж, нэмэгдээгүй өртгөөр тариаланчдад нийлүүлнэ. Цаашид шатахууны үнэ 2.5 хувиар өсөхөөр байна. Үүнийг дагаад валютын гадагшлах хэмжээ 1.4-2.5 тэрбум долларт хүрч нэмэгдэх нөхцөл байдал ажиглагдсан. Эм эмнэлгийн хэрэгсэл дээр ч тодорхой хэмжээний үнэ өснө. Эдгээрийн өсөлтийн хурдыг хязгаарлах тухай асуудлыг ярилаа.
Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар дээр тодорхой зохицуулалт хийх тогтоолын төсөл УИХ дээр явж байна. Үүнийг шуурхай батлах юм бол импортын барааны 5 хувийн татварыг Засгийн газар нийлүүлэлт үнийн өсөлт бүх юмтайгаа уялдуулж зохицуулах боломжтой болно. Үүнийг дагаж үнийн нэмэгдлийг ч хязгаарлана.
Ер нь тарифын болон тарифын бус ямар зохицуулалтаар үүнийг шийдэж болох талаар тооцоо судалгааг нарийвчлан хийж танилцуул шийдлийг Засгийн газарт өглөө. Хуулийн төслийг боловсруулж байна. Бид үүнийг анх удаа ашиглаагүй. Ковидын үед гарсан сайн болон муу үр дагавар нь юу байсан бэ гэдийг дүгнэж, сайжруулах боломж байна. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллага, албадууд үүн дээр ажиллаж, энэ удаа ямар хүрээ хязгаар дотор багтааж энэ хуулийг гаргах вэ гэдгээ нарийсгаж танилцуул гэсэн” гэв.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-06





