Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмнэ www.montsame.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзжээ.
Энэ үеэр мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн үнэ нэмэхээр болсноо дуулгалаа. Төрөөс дэмжлэг авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлага тавьсны дагуу махны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 11-ний бямба гарагаас эхлэн үхрийн махны үнэ 15000 байсныг 18000 төгрөг болгох шийдвэрт хүрсэн байна. Харин хонины махны үнэ 13000 байсныг 15000 төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэжээ. Тэгвэл хотын даргын зүгээс энэ удаагийн үнийн өсөлт нь эцсийнх байх бөгөөд ойрын хугацаанд дахин нэмэгдэхгүй гэдгийг онцолж, одоо бүрдүүлсэн нөөц нь дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн иргэдийг махаар жигд, саадгүй хангах зорилгоор борлуулалтын зохион байгуулалтад дараах өөрчлөлтүүдийг хийхээр болжээ. Тухайлбал, борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмж, 600 болгох, ирэх даваа гарагаас томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаалж эхлэх юм байна.
Нийтэлсэн огноо2026-04-09





