Л.Баттөр: Архины хордлогоор жилд 1000, сард 80 хүн нас бардаг www.eagle.mn
Нийгмийн эрүүл мэндийн салбар бол улс нийтээрээ анхаарах учиртай чухал агуулга, асуудал. Энэ салбарыг хөгжүүлж, үр дүнтэй ажилласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 20 хувь бууруулах боломжтой гэх дэлхий нийтийн жишиг ч бий. Нийтийн эрүүл мэндийн салбарын хөгжсөнөөр хүн амын өвчлөл багасаж, эрүүл мэндэд зарцуулах улсын төсөв буурч, нийтээрээ эрүүл аж төрөх боломж цогцолно. Энэ агуулгын хүрээнд НЭМҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.
-Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлагаа эхэлье?
-Нийгмийн эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд тогтолцооны асуудал тулгамдаж байгаа. Монголын өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулагдана гэх шийдвэр гараад, тавдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон. Гэхдээ учир дутагдалтай асуудал бий. Нэгдүгээрт, олон улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн бүтцэд байдаг олон нэгж манай улсын бүтэц, нэгж дотор орж ирэхгүй байгаа. Тухайлбал, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэсэг бий. Гэвч энэ Монголын өвчний хяналт сэргийлэлтийн төвд орж ирэхгүй байна. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори гэж бий. Энэ мөн л орохгүй байгаа. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг тодорхойгүй байгаатай холбоотойгоор аюулгүй байдлыг хэн хянах вэ гэх асуудал үүснэ. Монголын өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулагдахтай холбоотойгоор ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн тандалтын лабораториуд нэгдэхээр байна. Тэнд яагаад дархлаажуулалтын асуудал ороогүй байгаа нь бас л учир дутагдалтай. Энэ мэт Монголын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн тогтолцоог сайжруулах шаардлага бий. Нөгөөтэйгүүр, тогтолцоо бий боллоо гэхэд хүний нөөцийн асуудал тулгамдана.
-Эрүүл мэндийн байгууллагын нийт ажилчдын 3 хүрэхгүй хувь нь нийгмийн эрүүл мэндийн салбарт ажилладаг гэх судалгаа байдаг юм билээ. Энэ салбарын хүний нөөцийн бололцоо, чадавх ямар түвшинд байгаа талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Хүний нөөцийн чадамж хэр байгаа нь маш чухал асуудал. Энэ салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудал олон жил орхигдсон. Гадаад, дотоодын сургалтад хамрагдах, олон улсын мэргэжлийн зөвлөгөөнд оролцдог асуудал НЭМҮТ дээр байхгүй гэж хэлэхэд болно. Мөн дүүрэг, орон нутагт ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд бэлтгэгдсэн хүмүүс байдаггүй. Ихэвчлэн өөр мэргэжлийн хүмүүс бий. Өөр мэргэжлийн хүн ажиллаж болох ч тухайн чиглэлээр мэргэших, суралцах нь нэн чухал. Харамсалтай нь, тэр боломж нь олон жил орхигдсон.
-Эрүүл мэндийн салбарт төсөвлөгдсөн мөнгөний маш бага хувь нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлд зарцуулагддаг. Дийлэнх нь эмчилгээ, сувилгаанд хуваарилагддаг. Энэ онд ч энэ жишиг хадгалагдаж байгаа юу?
-Тогтолцоо бий болоод, хүний нөөц бэлтгэгдлээ гэхэд санхүүжилт чухал. 2026 оны улсын төсөвт нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ төслийг санхүүжүүлэхээр ойролцоогоор 240 тэрбум төгрөгийн санал өгсөн. Гэвч 50 хувь хасагдаад, 120 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 50 хувь нь тогтмол хийдэг вакцин болон ХӨСҮТ, ЗӨСҮТ тэргүүтэй нийгмийн эрүүл мэндийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилчдын цалингийн зардалд зарцуулагддаг. Үлдсэн 50 хувийг нийгмийн эрүүл мэндийн тандалт, судалгаанд зарцуулах ёстой. Мөн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний төлөвлөгөө гэж бий. Үүнд зарцуулагдах ёстой. 2025 оны төсвийг харахад, арга хэмжээний төлөвлөгөө, тандалт, судалгаа дэмжих сангийн мөнгөнүүд тодорхой хэмжээнд тавигдсан. Гэвч яг хаана, юунд зарцуулагдсан гэдгийн би хувьдаа мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн эрүүл мэндийн тандалт, судалгаа хийгээрэй гэсэн төсөв мөнгө НЭМҮТ дээр лав ирээгүй. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг НЭМҮТ дангаараа гүйцэтгэдэггүй л дээ. Үндэсний төвүүд тандалт судалгаа явуулах чиг үүрэгтэй. Магадгүй тийшээ зарцуулагдсан байх. Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгө өнгөрсөн жил хуваарилагдаагүй. Тамхи, архины онцгой албан татвараас цуглуулсан мөнгө нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулагдаагүй гэсэн үг. Өөр хаашаа зарцуулагдсан бэ гэдэг асуудал байгаа.
-Нийгмийн эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэдэн хувийг төсөвлөдөг талаар тодорхой тоо хэлэхгүй юу?
-Эрүүл мэндийн сайдын багц төсвийн 6.4 хувийг нийгмийн эрүүл мэндийн салбар эзэлж байгаа. Үлдсэн мөнгө нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байна. 2026 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн гэдгийг албаныхан мэдээлээд байна. Гэвч энэ бол эмнэлэг барихад л зарцуулагдана. Өвдсөн хойно нь төсөв, мөнгөө зарцуулна гэсэн тогтолцоотой л яваад байна гэсэн үг.
-Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллах шийдвэр саяхан гарсан. Тус зөвлөлийн ач холбогдлын талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Зөвлөл бий болгоно гэдэг бол нэг л алхам. Зарим шийдвэр гаргагчдын өгч байгаа мэдээллээс нийгмийн эрүүл мэндийн салбар анхаарлын төвд ороогүй байгаа нь харагдаж байгаа юм. Тухайлбал, дотоод орчны агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүүхдийн хавдрын өвчлөл ихсэж байна. Тиймээс бид хүүхдийн хавдрын эмнэлэг барих шаардлагатай байна гэх агуулгатай мэдээлэл хийж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийг анхааралдаа аваагүй, суурь ойлголт, шийдлийг нь олоогүй байгаагийн илрэл. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдвэр гаргагч нарт ойлгуулж чадахгүй байгаа миний алдаа бий байх. Хэрэв бид энэ асуудлыг ойлгож байсан бол дотоодын орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллах учиртайг хөндөх байсан.
-Дэлхийн ихэнх орон нийгмийн эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд анхаарч, тус салбарыг тэргүүлэх чиглэлд авч үздэг. Тэгэхээр салбарынхаа ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Урьдчилан сэргийлэх дөрвөн түвшин бий. Бид гурав, дөрөвдэх түвшин рүү түлхүү анхаарч байна. Өвчнийг шинж тэмдэггүй байхад нь илрүүлье гэдэг дээр төвлөрдөг. Гэтэл анхдагч, суурь асуудал нь эрүүл мэндийг хамгаалах тухай агуулга байдаг. Энэ нь эрүүл амьдрах орчин, дэд бүтэц, боломжийг нь бий болгохоос эхэлнэ. Мөн иргэд ч өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй. Эрт илрүүлгийн үзлэгээр халдварт бус өвчний эрсдэлгүй хүн амын тоо маш бага байгаа нь тогтоогдсон. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Дасгал хий гэж уриалчихаад дасгал хийх нөхцөлийг нь бүрдүүлэхгүй бол учир дутагдалтай. Гэхдээ хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Туул, Сэлбийн голын эрэг, хөвөөгөөр иргэд алхаад идэвхтэй дасгал хийх боломж бий. Өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйлийг судлаад үзэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд архи, тамхины хэт хэрэглээ. Зөвхөн архины хордлогоор жилд 1000, сард 80 хүн нас барж байна. Иргэд эрүүл мэнддээ хэрхэн хандаж байгаагийн илрэл энэ. Нийгмийн эрүүл мэндийн салбар бол иргэн, Засгийн газар, эрүүл мэндийг байгууллагууд хамтарч үр дүнд хүрэх учиртай салбар.
Нийтэлсэн огноо2026-04-13





