Барилгын компаниуд төслийнхөө 30 хүртэлх хувийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байж захиалга авдаг болно www.itoim.mn
Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд боллоо. Сүүлийн жилүүдэд барилгын зөвшөөрөл авах хугацаа мэдэгдэхүйц богиноссон байна. Өмнө нь 40–50 хоног зарцуулдаг байсан бол одоо цахим системийн ачаар гурван хоногийн дотор зөвшөөрөл авах боломж бүрджээ. Мөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг давхардуулан авдаг байсан зохицуулалтыг халж, барилгын ажлыг үргэлжлүүлэх асуудлыг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлсэн байна.
Түүнчлэн барилгын магадлалын үйл ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 1-нээс бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр цаасан суурьтай, олон шат дамжлагатай процессыг хална гэж үзсэн байна. Шинэчилсэн хуулийн төсөлд бүлгийн тоог есөөс 14 болгон нэмэгдүүлж, салбарын харилцааг илүү нарийвчлан зохицуулахын зэрэгцээ олон улсын стандарт, шинэ технологийг шууд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх И.Баттөгс: Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь зөвшөөрлийн олон шат дамжлага, хүнд суртал юм. Иймээс Барилгын тухай хуулийг шинэчлэх хүрээнд зөвшөөрлийн тоог бууруулах, зарим төрлийн зөвшөөрлийг бүрэн чөлөөлөх бодлого баримталж байгаа. Одоогийн мөрдөгдөж буй хууль 2016 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй бөгөөд шинэчилсэн найруулгыг 2026 оны тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна Зөвшөөрлийн зохицуулалтыг хөнгөвчлөхийн зэрэгцээ барилгын чанар, аюулгүй байдлыг орхигдуулахгүй. Энэ хүрээнд хяналтын тогтолцоог шинэчилж, зөвлөх үйлчилгээ, даатгал, төрийн хяналтыг уялдуулсан гурвалсан механизмыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын байнгын хяналтыг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гүйцэтгэж, харин төрөөс тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалт руу шилжих юм.
Иргэдийг хохироосон барилгын захиалгын асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинэ хуульд тодорхой заалтууд тусгажээ. Тухайлбал, барилгын компаниуд тухайн төслийнхөө 30 хүртэлх хувийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсний дараа захиалга авах эрхтэй болох зохицуулалтыг оруулсан байна.
Мөн өмнө нь гарч байсан залилангийн шинжтэй хэргүүд нь эрх зүйн орчны сул талыг ашигласан явдал ба шинэ хууль батлагдсанаар ийм төрлийн зөрчлийг хязгаарлах юм. Томоохон төсөл, барилгын материалын үйлдвэрлэлд дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг шинэ хуульд тусгасан бөгөөд үндэсний компаниудыг дэмжихэд чиглэсэн зохицуулалтуудыг багтаажээ.
Cандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-12





