Археологи, угсаатны музей 80 хувийн гүйцэтгэлтэй байна www.news.mn
Төв аймгийн Зуунмод хотод Монголын археологи, угсаатны үндэсний музейг барьж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уг бүтээн байгуулалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.
Тус музей нь олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж, сэргээн засварлах болон судалгаа шинжилгээний лаборатори бүхий цогц төв байх юм. Ингэснээр археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжирч, боловсрол, шинжлэх ухааны нээлттэй орон зай бий болохоос гадна орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн хүүхдийн музей, номын сан зэрэг хэсгүүдтэй байхаар төлөвлөсөн бөгөөд биет болон биет бус өвийг судлах, сэргээн засварлах, сурталчлах цогц төв болохоос гадна түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Барилгын явц, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Уг музей, лабораторийг ирэх оны эхний хагас жилд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийтэлсэн огноо2026-04-10





