Эрчим хүчний инженер Д.Тэнгис: ₮3.5 их наядаар найман жилийн хугацаанд Улаанбаатарыг утаагүй болгох боломжтой www.eguur.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах боломжийн талаар эрчим хүчний инженер Д.Тэнгистэй ярилцаа. Тэрбээр АНУ-ын Кальфорни мужийн Берклигийн их сургуульд эрчим хүчний инженер, Жиоржиа мужийн технологийн их сургуульд эрчим хүчний системийн биет ба кибер аюулгүй байдлаар мастер хамгаалсан энэ салбарын шилдэг залуу боловсон хүчний төлөөлөл юм.
-Улсаас нүүрс, зууханд олгож буй татаасыг дулаалга, цэвэр эрчим хүчний шийдэл рүү үе шаттайгаар шилжүүлэх тухай өргөдөл parliament.mn санаачилж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ тухай яриагаа эхэлье гэж бодлоо?
-Нүүрс, зуух, яндан болон бусад шатамхай түлшинд төрөөс олгож байгаа татаасыг цэвэр эрчим хүчний хувилбар, дулаалаг, цахилгаан хэмнэлт зэрэг зөв технологи арга зам руу шилжүүлэх агуулгатай өргөдөл санаачилсан /https://petition.parliament.mn/. Ирэх 10 жилд түлшинд өгч байгаа татаасыг зөв технологи руу шилжүүлж чадвал бид утаанаас салах бодит боломж бий. 2012 онд баталсан агаарын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сайжруулсан түлш, зуух янданд төрөөс татаас олгож улмаар иргэдэд хямд үнээр өгч эхэлсэн. Угтаа тус өөрчлөлтөөр сайжруулсан түлшнээс гадна өөр олон зүйлд татаас өгнө гэж заасан ч бодит ажил болж хэрэгтэй хэрэгжихгүй байгаа. 2012 оноос өдийг хүртэл 14 жил сайжруулсан түлшинд төрөөс татаас өгсний үр дүнд утаа буурсан зүйл огт алга.
-Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр нийслэлийн агаарын бохирдол буурч байгаа гэж албаныхан мэдээлээд байгаа шүү дээ. Мөн төрөөс өгч байгаа татаасыг та сая дурдлаа. Дэлгэрүүлж яривал?
-Сайжруулсан зуух, түлш нь агаарын бохирдлыг түр хугацаанд бууруулах боловч асуудлыг үндсээр нь шийдвэрлэх урт хугацааны шийдэл биш. Гэтэл манай улс сүүлийн 14 жилд зуух, түлшнээс давсан шийдлийг төдийлөн нэвтрүүлсэнгүй. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд л гэхэд төслийн зууханд зориулж одоогийн ханшаар 165.85 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшинд 1.7 их наяд төгрөг, хагас коксжуулсан түлшинд 226 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн 28.2 тэрбум төгрөгөөр давхар шаталтад зуух худалдан авах тендер зарлаад байгаа. Гэтэл энэ хугацаанд агаарын тухай хууль болон агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан дулаалга, цахилгаан халаагуур, эрчим хүчний хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр зэрэг дунд ба урт хугацаанд голлох үүрэгтэй шийдлүүдийг орхиж ирсэн. Огт авч хэлэлцээгүй нь харамсалтай. Тиймээс зуух, нүүрсэнд зарцуулж буй санхүүжилтийг агаарын бохирдлыг үндсээр нь арилгах шийдлүүдэд үе шаттайгаар шилжүүлэн олгох санал дэвшүүлсэн юм.
-Таны дэвшүүлсэн саналаар сайжруулсан түлшинд өгөх татаасыг юу юунд өгөх ёстой юм. Тэдгээр нь утааг бодитоор бууруулж чадна гэдгийг батлах тооцоо, судалгаа бий юу?
-2017 онд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш ₮2 их наядыг утаа үйлдвэрлэхэд зарцуулаад байна. Одоогоос 15 жилийн өмнө утаа бууруулна гэж төслийн зуух тараасан. Нийслэлд яндан зуух нэмэгдвэл тодорхой хэмжээгээр утаа нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ ажил өнөөдөр тодорхой үр дүн гаргасан зүйл байхгүй л сууж байна. Анх агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлахдаа цахилгаан болон хийн түлш, шугам сүлжээгээ өргөтгөх, газрын гүний дулаан, нар салхи болон бусад сэргээгдэх эрчим хүч, байгальд орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, шахмал түлш, хагас кокс зэрэгт төрөөс татаас олгоно гэж 14.1 гэх зүйлд заасан. Гэтэл зөвхөн шахмал түлш, хагас кокс зэрэгтээ л татаас өгсөөр өдийг хүрсэн. Бусдыг нь огт ажил хэрэг болгоогүй.
-Нийслэлээс энэ жил 51 мянган өрхөд хийн зуухыг хөнгөлөлттэй үнээр буюу төрөөс татаас авч олгохоор болсон. Энэ нь зөв ажил болох уу эсвэл шахмал түлшийг давтсан ажил болох уу?
-Энэ загварыг БНХАУ хэрэгжүүлж байсан юм. Хятад улс анхандаа Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авч эхэлсэн байдаг. Төслийн явцад Азийн хөгжлийн банкнаас санхүүжилтээ зогсоож улмаар хийн түлшний үнэ өндөр болж иргэд нь авч чадахаа больсон. Улмаар эргээд нүүрсээ түлш эхэлсэн. Нүүрс түлэхээр мэдээж утаа ихэснэ. Манайх үүнтэй яг ижил эхний ээлжид хийн түлш, зуухаа татаасаар өгч байгаад зогсооход хятадын түүхийг давтаж ахин нүүрсээ түлж утаатай болох эрсдэлтэй. Бид хийн түлшээ Орос улсаас авч таарна. Хойд хөршөөс шатахуун, хий, цахилгаан авдаг бол урд хөршөөс сайжруулсан түлшээ авдаг. Ерөнхийдөө хоёр хөршөөсөө хараат болно гэсэн үг. Импорт үргэлж хэвийн байна гэж амлахад хэцүү хэзээ нэг өдөр хойд хөршөө хий өгөхөө болих юм бол сайжруулсан түлшээ түлнэ. Утаа эргэн ирнэ.
-Сүүлийн 12 жил нүүрсний үнэ огт хөдлөөгүй-
-Хагас киокс түлш утаа бага гаргадаг тодорхой хэмжээний үр дүн гарсан гээд байгаа. Цаашид хагас кокс, хийн түлш хоёроо хослуулаад явбал бодит үр дүнд хүрэх үү?
-Хагас кокс түлш нэг тонн нь ₮1.1 саяын үнэтэй байхад ₮900 мянгын татаастай айл өрхүүдэд тарааж байгаа гэж нийслэл өөрөө мэдээлсэн. Иргэдэд 82 хувийн татаастай буюу хямд үнээр зуух, нүүрс өгөхөд хэн ч татгалзахгүй авна шүү дээ. 2007 онд хийсэн Дэлхийн банкны судалгаагаар нэг айл дунджаар жилд 4.7 м3 модыг өвөл түлж үүндээ ₮84 мянгыг зарцуулдаг байж. 2019 онд буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн жил нэг айл ₮2.4 саяыг зарцуулдаг болсон байна. Өөрөөр хэлбэл 2007 онд модонд ₮84 мянгыг зарцуулдаг байсан бол 2019 онд ₮840 мянга болж өссөн байгаа юм. Модны үнэ зах зээлийн ханшаа дагаад 12 жилийн дараа 10 дахин өссөн байна. Харин нүүрсний үнэ огт хөдлөөгүй. Учир нь төрөөс 82 хувийн хөнгөлөлт буюу татаас өгдөг. Хэрэвзээ төр нүүрсэнд татаас өгдөггүй байсан бол өдийд нүүрсний үнэ модтой ижил өссөн байх нь мэдээж. Иргэд хэт үнэтэй нүүрс авч байхын оронд гэрээ дулаалж, түүнээс бага зардалтай цахилгаан болон өөр төрлийн эх үүсвэрүүд сонирхож эхлэх байлаа. Магадгүй нүүрсэнд өгөх мөнгөөрөө сэргээгдэх эрчим хүч суурилуулж цахилгаан халаагуур ашиглах нь хэмнэлттэй учир сонгох сэдлийг иргэдэд өгөх ёстой.
-Гэтэл төр 2019 оноос эхлэн сайжруулсан түлшний үнийг тогтвортой барьж түүндээ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж ирсэн буруу шийдвэр гэж харж байгаа. Үүнийгээ иргэдийн худалдан авах чадварт дэмжлэг үзүүлэхийн тулд татаас өгөх хэрэгтэй гэх мэтээр тайлбарладаг ч том зургаар нь харахад биднийг мөнхийн утаатай байх цикл рүү түлхэж байна. Дараагийн хувилбар нь хийн түлш. Үнэтэй шийдлийг хямдхан байдлаар иргэдэд өгөх нь. Урт хугацаандаа энэ нь хятадын түүхийг давтах эрсдэлтэй.
-Зөв шийдэл нь нүүрсэнд өгдөг татаасыг цахилгаан эрчим хүч, дулаан хадгалалт зэрэг рүү шилжүүлэх байх нь?
--Тийм. Бид үнэтэй хий, сайжруулсан түлш зэргийг татаасны дор хямдхан мэт харагдуулж урд, хойд хөршөөсөө авахын оронд дотооддоо асуудлаа шийдэх нь зөв. Айлаас ирэхээр авдраа ух гэдэг шиг өөрсдийн дотооддоо үйлдвэрлэх боломжтой сэргээгдэх эрчим хүч, гэр байшингаа дулаалах, цахилгаан халаагуур зэрэгт нүүрсэнд өгдөг мөнгөө өгөх хэрэгтэй байна. Эхний ээлжид нүүрсэнд өгдөг татаасаа зогсоож, эдийн засгийн хувьд эрүүл, цаг хугацааны явцад зөв голдирол руу орох төлөвлөгөөг боловсруулж хуульд тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайжруулсан түлш хэрэглээд нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 50 хувиар буурсан. Гэтэл агаар дахь хүхрийн найрлага 70, 80 хувь өссөн гэсэн судалгаа гарсан байна лээ. Нэг хорыг нөгөө хороор сольсноор утааг яллаа гэж хэлэхэд хэцүү. Маш энгийнээр бол бид нар зуух ашиглаж гал түлж л байгаа бол утаа байсаар л байна. 100 хувь утаагүй болохын тулд яндангүй л болох ёстой. Гэр хороололд ойролцоогоор 200 мянга орчим өрх байгаагаас 45 хувь нь гэрт үлдсэн нь байшинд байгаа. Тэдэнд гэр, байшингаа дулаалах тухай мэдлэг, мэдээлэл хомс байгаа нь харамсалтай. Монгол гэр ижил хэмжээтэй учир дулааны стандартыг баримтлахад бүрэн боломжтой, дулаалахад өртөг ч багатай. Гэхдээ одоогоор монгол гэр, байшингийн дулаалаг ийм байх ёстой гэж заасан тоо алга.
-Бид нүүрснээс татгалзаж цахилгаан, хий, нарны эх үүсвэр ашиглаж гэрийн дулаанаа шийдсэн ч дулаан алдалтгүй байх нь хамгийн эхний алхам. Дулаан алдалтаа зогсоож байж л эрчим хүчээ хэмнэж, утаатай тэмцэж чадна. Хэдий хэмжээний дулаан хадгална төдий чинээний мөнгө хэмнэнэ гэсэн үг. УИХ утааны сонсгол хийсний дараагаар 55-р тогтоолыг баталсан. Тус тогтоолоор гэр, байшингийн дулаалгын стандартыг батлахыг үүрэг болгосон ч одоог хүртэл ажил хэрэг болсон зүйл алга. Утааны эсрэг ажлыг төрөөс илүү төрийн бус байгууллагууд сайн хийж байгаа гэхэд хилсдэхгүй. Нэг үеэ бодвол иргэд дулаалга хэрэгтэй юм байна гэж ойлгож байх шиг байна. Зөвхөн төр биш төрийн бус байгууллага, иргэд нэгдэж байж утаанаас салж чадна. Тэгэхээр эхлээд төр үүргээ биелүүлж ажлаа хийж дулаалгын стандартыг батлах хэрэгтэй байна.
-Таныг богино хугацаанд, хэмнэлттэй төсвөөр утааны асуудлыг шийдэх судалгаа хийсэн гэж сонссон. Судалгааныхаа тухай?
-Улаанбаатар хот дахь 200 мянга айл өрхийг нийслэлээс гаргасан хуваарийн дагуу орон сууцжуулаад явахад үлдэж байгаа айлуудыг хэрхэн цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх талаар тооцоолол хийсэн юм. Миний судалгаагаар найман жилийн хугацаанд ₮3.5 их наядаар хотыг утаагүй болгох боломжтой гэсэн үр дүн гарсан. Энэ мэдээж байж болох хамгийн богино хугацаанд бага зардлаар тооцсон тооцоолол. Үүнийг тооцохдоо шинээр ашиглалтад орох цахилгаан станцуудын чадлыг тооцсон. Ирээдүйд бидэнд ийм хэмжээний цахилгааны хэмжээ, гэр хорооллын айл өрхийн тоо, жилд дулаалж чадах айлын тоо зэргийг хамтатган бодсон. Нэг жилд л бүгд гал түлэхээ болиод утаанаас салах биш. Наймаас 10 жилийн буюу урт хугацаандаа хэрэгжихэд бүрэн боломжтой. Хамгийн гол нь дулаан алдалтыг зогсоох. Түүний дараагаар тогтвортой хий болон цахилгаанаар халаалтыг шийдээд явах юм бол бид 8-10 жилийн дараа утаанаас салж чадна.
-Төр ганцаараа хийж чадахгүй нь ойлгомжтой. Хувийн хэвшил, төр иргэн гурав хамтарч тогтвортой хэрэгжүүлэх нь чухал байх нь?
-Яг тийм. Төр, иргэн, хувийн хэвшлийн нягт, тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд утаанаас сална. Төр эхний ээлжид дулаалгын стандартаа тогтоож өгөх нь байна. Түүний дараагаар цахилгаан болон хийн халаалтыг хүргэх дэд бүтцээ шийдэж өгнө. Сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах нь чухал байгаа. Айл өрхүүдэд цахилгаан эсвэл хий халаагуур ашигла гэж тулгахгүйгээр өөрсдөөр нь сонголт хийлгэж ногоон зээл зэрэг боломжит хувилбарыг төр санал болгох хэрэгтэй. Ингэснээр урт хугацаанд, тогтвортой ажиллаж чадвал утааг хамтдаа ялж чадна.
BY Б. Лувсанпэрэнлэй
МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-10





