"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас учирсан хохирлыг нөхөн төлүүлж байна www.news.mn
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” болон “Капитал банк”-тай холбоотой хэргүүдийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар мэдээлэл ирүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нийт 207.7 тэрбум төгрөгийг дээрх хоёр банкнаас Нийгмийн даатгалын санд олгохоор болсон байна. Үүнээс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 70 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоогоор 137.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Төлөгдсөн мөнгөнөөс 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, үлдсэн 39.1 тэрбум төгрөг нь нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийн дагуу уг хөрөнгүүдийг хүлээн авч, дуудлага худалдаа зохион байгуулах, зуучлагчаар борлуулах, олон нийтэд мэдээлж шууд худалдах зэрэг арга замаар борлуулж, мөнгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг үргэлжлүүлж байгаа гэж мэдэгджээ.
Нийтэлсэн огноо2026-04-22





