1 GOVERNMENT TO FUND THERMAL POWER PLANT REPAIRS FROM RESERVE FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      2 MONGOLIA RISES 17 PLACES IN PRESS FREEDOM INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      3 MONGOLIA-CUBA PARLIAMENTARY GROUP CHAIR MEETS AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      4 CHINA ADVANCES INNER MONGOLIA AS A KEY HUB FOR NORTHERN OPENING UP WWW.ALWIHDAINFO.COM PUBLISHED:2026/05/01      5 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      6 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      7 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      8 DIRECT COOPERATION TO BE ESTABLISHED WITH MAJOR GLOBAL TECH COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      9 ‘EU DAY 2026’ TO BE HELD IN LOCAL AREA FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      10 CHINA BEGINS CONSTRUCTION OF 4 GW RENEWABLE TRANSMISSION PROJECT IN INNER MONGOLIA WWW.ALCIRCLE.COM PUBLISHED:2026/04/29      ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “БАДРАХ ЭНЕРЖИ”, “МОННИС ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИУД ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ОРОН ТООГ ДАХИАД Ч ЦӨӨЛНӨ. ҮР АШИГГҮЙ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     АРЦАТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛ 350 МЕТР АВТО ЗАМ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Даваадалай: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн орон тоог дахиад ч цөөлнө. Үр ашиггүй компаниудыг татан буулгана www.eguur.mn

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд ажлаа хүлээж аваад гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Яагаад "Эрдэнэс Монгол" ХХК байх ёстой вэ гэдгээс яриагаа эхлэх үү. Үр ашиггүй ажиллаж, өртөг зардал ихтэй байна гэх шүүмжлэлд өртөөд байна шүү дээ.

-Хүмүүс мэдээлэл муутай байх шиг байна. Анх 2007 онд байгуулагдсан. Бусад орнын туршлагаас харахаар компаниуд тус тусдаа байхаар давхардал бий болж, үндсэн чиг үүрэг нь салангид болчихдог. Харин нэгдсэн байдлаар удирдвал хөрөнгө оруулахад хялбар, гадна дотнын байгууллага, хүмүүстэй уулзахад хялбар, давхардсан чиг үүргийг бууруулах, санхүүгийн хувьд чадамжтай байж, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Энэ жишгээр ажиллаж байгаа дэлхийн улс орнуудын сайн жишээ бий. Казакстан, Сингапур зэрэг улсууд нэгдсэн удирдлагын байдлаараа манлайлж байгаа.

2024 оноос ач холбогдолтойгоор хуульд туссан зүйл гэвэл Баялагийн сан. Байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг ард иргэдэд хүргэх. Татвар, хураамж, төлбөр, ногдол ашгаар. Татвар, хураамжийн хувьд төсвөөр зохицуулагддаг. Харин ногдол ашиг болон бусад төлбөрийг нэгтгэн зангидаад Улсын төсөв болон Баялагийн сан руу оруулах сувгийг нь "Эрдэнэс Монгол" ХХК хийдэг. Ерөнхийдөө "Эрдэнэс Монгол" Засгийн газрыг төлөөлж Төрийн өмчит уул уурхайн компаниудаас орлого төвлөрүүлэгч гэж ойлгож болно. Үүнийг хуульд ч заасан байдаг.

Мэдээж алдаа дутагдал ч бий, ололтууд ч бий. Байгуулагдаад 19 жил болоход олон захирал солигдсон, үйл ажиллагаа нь ч жигдрэх, сайжрах шатандаа орсон. Би ажлаа аваад гурван сарын хугацаа өнгөрч байна. Нэг л зүйлийг 100 хувь дэмжиж байгаа. Аль болох зардал багатай, үр ашигтай, цомхон байхыг эрмэлзэж байгаа. Нийгмийн шүүмжлэлүүдийг хүлээн авч нутагшуулна.

Гэхдээ тодорхой асуудлуудад тайлбар өгөх хэрэгтэй болов уу. Төвлөрүүлсэн орлогоо толгой компани нь өөрөө зарцуулдаг мэт том тоонуудыг яриад байна. "Эрдэнэс Монгол" нэгдлийн дор 30 орчим компани бий ч арав нь л орлого олдог. Харин бусад хорь орчим нь төслийн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Одоо орлого бүрдүүлж чадахгүй байгаа ч ирээдүйд төвлөрүүлэх боломжтой төслийг хэрэгжүүлж буй компаниуд юм.

-Яагаад төслийн шинжтэй ийм олон компаниуд бий болчихсон юм бэ. Та дээр яриандаа цомхон байх, үр ашигтай байх талаар дурдсан. Гэтэл энэ олон охин компаниуд бий болчихсон юм байна. Цөөрүүлэх бололцоо бий юу, судалж үзсэн үү?

-Тухайлбал, Ураны гэрээг Монгол Улсын Засгийн газрын өмнөөс хийх болоход нөгөө талаас буюу Франц өөрөө хуулийн этгээд байгуулчихдаг. Мөн Монгол талаас бас хуулийн этгээд байж хэлэлцээрт ордог. Үгүй бол төслийн нэгж юм уу, хэсэг бүлэг хүмүүс төлөөлье гэвэл хуулийн статус нь тодорхой биш болно. Ийм байдлаас улбаалж нэлээд төслийн шинжтэй компаниуд бий болчихсон гэж ойлгож болно.

Газрын тос боловсруулах үйлдвэрээс манайд шилжиж ирсэн, сүүлд гурван орнын газын хоолойн төсөл эрчимжсэн. Улмаар саяхныг хүртэл долоон хүний бүрэлдэхүүнтэй "Эрдэнэс газ" гэх төслийн нэгж байсныг хоёр долоо хоногийн өмнө Засгийн газраас компани болгох шийдвэр гарсан. Яагаад вэ гэвэл ОХУ талаас компани байж л төслийн талаар ярилцана гэсэн учраас.

Мөн Зэс боловсруулах үйлдвэр, Гангийн цогцолборын талаар бид олон жил ярьсан. Тэр бүр дээр бичиг цаас бэлдэх, хөрөнгө оруулагч нартай уулзах зорилгоор жижиг компаниуд үүссэн гэсэн үг.

Компаниуд ийн үүссэн нь буруу биш. Гэхдээ аль болох цөөрүүлэх ёстой. Зардал багатай, зарчмын хувьд үр ашигтай л байх ёстой. Тоог нь харахаар олон ч цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг, бичиг цаас, төсөл хөтөлбөрийн ажилтай байдаг. Тэдгээрийг шууд татан буулгах гэхээр хэцүү юм билээ. Эрх зүйн хувьд, хэрэгжүүлж байсан гэрээ хэлэлцээр нь яах юм гэх асуудлууд үүсдэг. Гэхдээ Засгийн газрын бодлогоороо үр ашиггүй компаниудыг хаах үйл ажиллагаа явж байгаа. Бид судалж байгаа.

-Энэ компанийг удирдаж эхлээд есөн бүтцийг нь татан буулгасан, удирдлагын орон тоог 32 хувиар буулгасан, нийт орон тоог 10 хувиар буулгасан-


-"Аль болох зардал багатай, үр ашигтай, цомхон байхыг эрмэлзэж байгаа" тухайгаа та дээр яриандаа дурдлаа. Ирж ажилласан гурван сардаа юу хийв. Бүтэц рүүгээ өнгийж чадсан уу?

-Би |2025.12.19|-нд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, ТУЗ-ын шийдвэрээр |2025.02.13|-нд жинхлэгдсэн. 20 гаруй жил төрийн байгууллага болон олон улсын байгууллагад ажилласан. Монгол банк, Сангийн яам, Дэлхийн банк зэрэгт ажилласан. Төрийн өмчит компаниудын талаар ч нэлээд тооцоо судалгааг хийсэн, сүүлд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж, энд ирсэн.

Намайг ирэхэд энэ компани 177 хүнтэй, ажилчдын тооны хувьд нэлээд өндөр байсан гэж хэлж болно. Мөн бүтэц орон тоог нь нүсэр. Үндсэн компани маань таван газартай, нэмээд есөн зөвлөл групп гэх бүтэцтэй байсан. Удирдлага, чиглэл нь тодорхойгүй баахан дарга нар байсан. Иймд би үндсэн бүтцийг нь хэвээр үлдээгээр групп зөвлөлийг нь татан буулгасан. Яагаад вэ гэвэл хамгийн багадаа 10 хувиар орон тоогоо бууруул гэх Засгийн газрын тогтоол гарсан.

-Яг хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм?

-40 орчим хүнийг чөлөөлсөн. Гэхдээ зарим нь хэлэлцээрт орсон, хөдөлмөрийн харилцаанд оруулж ур чадвар нь толгой компанид хэрэгтэй хүмүүсээ авч үлдсэн гэсэн үг. Харин гарсан хүмүүстээ хөдөлмөрийн гэрээгээрээ тэтгэмжийг нь олгоод ажлаас нь чөлөөлөх процессууд явагдсан. Ерөнхий зургаар нь харвал энэ компанийг удирдаж эхлээд есөн бүтцийг нь татан буулгасан, удирдлагын орон тоог 32 хувиар буулгасан, нийт орон тоог 10 хувиар буулгасан. Одоогийн орон тоо 159. Цаашдаа ч орон тоогоо цөөлөхөд анхаарна. Ер нь 100-д хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ байгууллага анх байгуулагдахдаа 88 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр, мөн бусад шалтгааны улмаас данхайчихсан л байсан юм.

-2026 онд "Эрдэнэс Монгол" нэгдэл Баялгийн санд ₮373 тэрбумыг төвлөрүүлнэ. Тэр мөнгөөр ипотекийн 6 хувийн зээл олгогдоно-


-Олон нийтийн сүлжээгээр танай компанитай холбоотой 750 тэрбумын асуудал хөндөгдөөд байгаа. Та дуулсан байх. Энэ асуудалд хариулт өгөхгүй юу?

-750 тэрбумыг үрчихлээ л гээд яриад байна. Би судалж үзсэн.

Нэгдүгээрт. 2026 оны төлөвлөгөө харсан юм шиг байна билээ. Энэ нь одоогоор хэрэгжээгүй.
Хоёрдугаарт. Монголд 750 тэрбум төгрөгтэй тэнцэх өртгөөр үйл ажиллагаа явуулдаг компани гэж байхгүй. Тооны баримжаатай байх хэрэгтэй шүү дээ.
"Эрдэнэс Монгол" бол уул уурхайн компаниудын ногдол ашиг, нэмээд менежментийн төлбөрийг төвлөрүүлдэг. Мөн "Гашуунсухайт автозам" гэх компанийн орлого манайд төвлөрдөг. Эргээд тухайн компанийг санхүүжүүлдэг, зам засах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төсвийг нь буцаан олгодог гэсэн үг.

2026 оны төлөвлөгөөгөөр нийт орлогын 373 тэрбум нь ногдол ашиг. Баялагийн сангийн хуулиараа тухайн стратегийн ач холбогдолтой уул уурхайн компани 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилбал 34 хувийг нь Баялагийн санд өгдөг. Тэгэхээр дээрх 373 тэрбум төгрөг шууд Баялагийн санд очно.

Баялагийн сан нь Монгол банк дээр байршиж байгаа. Тэр мөнгө ипотекийн зээл болоод гарч байгаа. Сүүлийн хоёр жилд Баялгийн сан байгуулагдсанаар 912 тэрбум төгрөг хуримтлагдсан. Орон сууцны зээл гаргах эх үүсвэр байхгүй учир хуримтлалын сангаас өгье гээд шийдчихсэн. Одоо 6 хувийн зээл авч байгаа хүмүүс "Эрдэнэс Монгол"-оос л авч байгаа. Энгийнээр тайлбарлавал ийм.

Харин менежментийн төлбөрт 100 гаруй тэрбум бий. Тэндээс "Гашуунсухайт автозам"-ыг 32.5 тэрбумаар санхүүжүүлдэг. Энэ компани жилдээ хоёр удаа замаа засдаг. Иймд хөрөнгө оруулалтад нь 35 тэрбумыг төсөвлөдөг. Нийтдээ 70 орчим тэрбумыг зөвхөн "Гашуунсухайт автозам"-д өгдөг гэсэн үг. Мөн татвар хураамжид нийт 40 тэрбумыг өгдөг.

"Шохой үйлдвэр"-ийн хөрөнгө оруулалт. Хөтлийн цемент болон Бор өндөр дээр хийгдэж байгаа төслийг санхүүжүүлж байна. Ерөнхийдөө ирээдүйд үр ашигтай байх төсөл, компаниудыг одоогийн ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа ашгаар санхүүжүүлээд явдаг гэсэн үг. Үүнээс гадна охин компани, төлөөлөгчийн газар, ТУЗ-ийн зардал гэхэд л 74 тэрбум.

-Тэгээд танай "Эрдэнэс Монгол" нэгдэлд яг хэдэн төгрөг төсөвлөгддөг юм бэ. Юунд зарцуулдаг талаараа, ямар үйл ажиллагаа эрхэлдэг, мөн үр дагаврын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Энэ бүхний ард "Эрдэнэс Монгол" дээр юу үлдэж байна вэ гээд харахаар 20 тэрбум. Эндээс хамгийн том зардал нь цалингийн зардал. Толгой компани учир хөрөнгө оруулаад байх асуудал байхгүй. Яам шиг бичиг цаасны ажилтай. Тиймээс ерөнхий төсөв нь цалин, бусад үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг.

Байгалийн баялаг иргэдэд хоёр сувгаар л очиж байгаа. Нэгдүгээрт. Татвар хураамж нь Улсын төсөвт хуримтлагдаж, барилга байгууламж болж иргэдэд очиж байна. Хоёрт. Ногдол ашиг нь хуримтлалын санд дээр төвлөрч ипотекийн зээл болж хүрдэг. 2030 оноос эхлэн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулахаар төлөвлөж байгаа. Байгалын баялагт энэ сувгуудын кординацыг "Эрдэнэс Монгол" хийж байгаа.

Манай нэгдэл байгуулагдсан шалтгаан бол төрийн өмчит уул уурхайн компаниуд тус тусаараа явбал тусдаа вант улс болчих юм байна. Үйл ажиллагаа, ерөнхий бодлого нь зангидагдахгүй. Иймд "Эрдэнэс Монгол" гэх групп компанийг дээр нь байлгаж, үйл ажиллагааг нь хянах, нийцтэй болгож, төрд ногдох орлогыг цуглуулах, эргэн зарцуулах сувгийг ч тодорхой болгосон тогтоол гаргасан. Энэ тогтолцоог хүмүүс сайн мэдэхгүй байна. Мөн зарим хүмүүс буруу тайлбарлаж, мэдээлэл хүргээд байна.

-Таны удирдаж буй "Эрдэнэс Монгол" нэгдлийг татан буулгаж, компаниудыг салбар яаманд нь захируулах агуулга ч хөвөрч байна. Та дуулсан байх.

-Хэрэв "Эрдэнэс Монгол"-ыг татан буулгавал буцаад тус тусдаа вант улс болж, бодлого нь нийцтэй бус болно. ЗГХЭГ нь удирдах юм уу. Эсхүл яам яам руугаа тарж, бичиг цаас, эмхэтгэлээ дахиад яриад эхлэх үү. Энэ утгаараа "Эрдэнэс Монгол" бол байх ёстой нэгдэл.

Хамгийн чухал нь улстөрийн хамаарлыг багасгах, мэргэжлийн томилгоог хийж байх ёстой, хуулийнхаа хүрээнд ил тод ажиллах ёстой.

-Бүх зүйлсийг харлуулж байгаа нь яг ямар ашиг сонирхол вэ гэдэг нь хачирхалтай. Цаг хугацааны эрхээр зарим зүйлс нь ил тод болох байлгүй дээ-


-Шилэн дансны мэдээлэлтэй холбоотой олон баримтуудыг олон нийтийн сүлжээнд ил болгосон байсан. Тэтгэмжийн асуудал, өмнө нь тэтгэмж авсан хүн эргэн ажиллаж байгаа асуудлын талаар ярихгүй юу?

-Тэр лайвчидын яриад байгаа агуулгууд цөм өмнөх оных. 2025 оны хоёрдугаар улирлын зүйлсийг яриад байсан. Гэтэл би өнгөрсөн 12 сард томилогдсон. Гурван сарын дотор би тийм их мөнгөний гүйлгээ хийж чадах ч үгүй, үнэндээ. Намайг ирснээс хойших он цагт хоёр гурван зүйлийг ярьж байна билээ. Нийгмийн анхаарлыг татах зорилгоор.

Тэтгэмжийн асуудал:

Доржпалам гэх хүнд |2026.01.07|-нд 45 сая төгрөгийн тэтгэмж олгосон юм байна. Судлаад үзэхэд манай байгууллагад олон жил ажилласан харуул ах байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан, байгууллагын дотоод дүрмээр 18 сарын тэтгэмж гарсан. Баасан гарагт тэтгэмжийг нь гардуулсан, гэтэл даваа гарагт нь бурхан болчихсон юм билээ. Энэ бурхан болсон хүний л асуудлыг ярьсан.

Дараагийнх нь Уранцэцэг гэх хүн |2026.01.28|-нд 13 сая төгрөгийн тэтгэмж авсан. Шалгаад үзэхэд нурууны хагалгаанд орж, гэрээсээ ажиллах шаардлага гарснаар эл тэтгэмжийг олгох шийдвэр гарсан байна.

Мөн Л.Наранчимэг гэх манай газрын даргатай холбоотой асуудал. |2025.10.03|-нд 11 сая төгрөгийн тэтгэмж авсан. Нурууны гэмтэл авч, хоёр сар гэртээ байсан юм билээ.

Мөн Хулан гэдэг хүн 2022 онд энэ компанийн дэд захирал байсан. Алтны төслүүд дээр олон жилийн өмнөөс эхлэн сайн ажиллаж байсан хүн юм билээ. Намайг ирснээс хойш алтны төслүүдийг эргэлтэд оруулмаар байна хэмээн тэр хүнийг ЗГХЭГ-аас санал болгосон. Хувийн туршлага, өмнө нь энэ байгууллагыг удирдаж байсан гэх утгаар нь би ажилд авчихсан. Гэтэл өмнө нь тэтгэмж авч байсан гэх асуудлыг нь гаргаж тавиад байгаа. Угтаа тэтгэмж авсан хүн эргэн ажилд орж болохгүй гэх хуулийн заалт байхгүй биз дээ.

-Тэтгэмж тийм байж. Үүнээс гадна зөвлөх үйлчилгээ, орчуулагч, алдаа шалгагч программ, уулзалтын өрөөний ус ундааны зардал, таны хувьдаа зарцуулдаг картын асуудлыг мөн яриад байгаа шүү дээ. Эдгээрт тайлбар өгч болох уу?

-Зөв бичгийн дүрмийн алдаа шалгагч "Болор дуран"-ийн талаар ярьж байна билээ. Төрийн өмнөөс олон хэлцэл хийж байгаа учир бүх баримт бичгийнхээ алдааг шалгах шаардлага үүсдэг. |2025.03.25|-нд 5.6 сая төгрөгийн гэрээ хийсэн. Үүнийг 150 хүн хэрэглэдэг юм байна. Гэтэл энэ "Эрдэнэс Монгол"-ынхон зөв бичиж чаддаггүй юм байна гээд харлуулсан.

Дараа нь орчуулгын асуудлыг мөн хөндсөн. "Хэлтэй устай хүмүүс байж орчуулагч авах гэлээ" хэмээсэн. Манайд сайн боловсролтой хүмүүс бий. Гэхдээ олон улсын том төслийн хүрээнд гэрээ, хэлэлцээр хийхэд нэг талынх нь орчуулгаар явбал хүлээн зөвшөөрөх болов уу. Визэнд ороход хүртэл хөндлөнгийн албан ёсны орчуулга шаардагддаг.

100 сая төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээний талаар ч ярьсан. Үүнийг нягтлаад үзэхэд намайг ажлаа авахаас өмнө "Орона"-гийн гэрээ хийж байх үед тодорхой асуудлууд дээр хуулийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлага үүсдэг юм байна. Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдтай холбоод яриад байна билээ.

Ус ундааны зардлын тухайд гэвэл мөн л намайг ирэхээс өмнөх үеэс эхэлсэн төсөв. Жилийн туршид маш олон хөрөнгө оруулагч, гаднын төлөөлөгчид ирсэн байж таарна. Ер нь миний ажлын 70-80 хувь нь уулзалт байдаг. Уулзалтын үеэр цай, кофе, ус тавьж таарна. Гэхдээ яригдаад байгаа өртөг нь үнэтэй байна уу үгүй юу гэдгийг аудит дүгнэнэ байх.

Намайг 2 тэрбумын карттай гэж лайвынхаа үеэр хэлсэн. Ядаж мөнгөнийхөө оронг зөв уншчих л даа. Тэрбумын карттай хүн лав Монголд байхгүй. Шалгуулаад үзэхэд гадна дотнын хүмүүстэй уулзах үеэрээ ашиглах 2 сая төгрөгийн мөнгөн дүн бүхий карт бий юм билээ. Гэхдээ тэр картыг би огт ашиглаагүй. Өмнөх захирал нь ч хэл аманд өртчихнө гээд ашиглаагүй байсан.

Гэхдээ гарч ирсэн асуудлуудыг өмөөрч байгаа зүйл надад алга. Нийт зардал бол өндөр гарсан байна. Үүнийг бууруулна гэж төлөвлөж байна. Товчхондоо хэлэхэд шилэн данс ил тод байх ёстой, зардлаа хум гэдэг шаардлагыг 100 хувь дэмжиж байна. Би ч гэсэн ийм зарчмаар ажилладаг. Гэхдээ бүх зүйлсийг харлуулж байгаа нь яг ямар ашиг сонирхол вэ гэдэг нь хачирхалтай. Цаг хугацааны эрхээр зарим зүйлс нь ил тод болох байлгүй дээ.

-"Дэлхийн банк"-нд ажиллаж байхдаа $6000 авдаг байлаа. Мэддэг чаддаг юм байвал улсдаа хэрэгтэй байя гээд л тэр цалингаасаа татгалзсан. Би энд удах үгүй нь цаг хугацааны л асуудал. Байгаа дээрээ чадлаараа л зүтгэнэ, бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх, институцыг бүрдүүлнэ-


-Зардлын асуудлыг аудит шалгаж, дүгнэх байх гэж дурдлаа. Шалгуулах хүсэлтээ өгсөн үү, хугацаагаа тодорхой заасан зүйл бий юу?

-Би хүсэлтээ өгсөн. Аль болох урт хугацааны санхүүгийн тайлан, зарцуулалтад шалгалт хийгээд өгвөл сайн байна. Ажлаа хүлээж авснаас хойших гурван сараа шалгуулъя. Өмнөх захирлуудын үеийн санхүүгийн байдал, зарцуулалтыг ч шалгуулмаар байна. Гэхдээ өмнөх дарга нарыг буруутгаж байгаа зүйл байхгүй. Ер нь "Эрдэнэс Монгол"-ын санхүүгийн зарцуулалтыг дүгнээд өг. Хуулийн зохицуулалттайгаар танаад өгье.

-Таны цалингийн асуудал ч давхар яригдсан шүү дээ. Сарын 35 сая төгрөгийн цалинтай гэж байна билээ. Энэ үнэн үү?

-Ний нуугүй хэлэхэд би гүйцэтгэх захирлаар томилогдоод хүний цалинг буулгасан шүү дээ. Хүний цалинг буулгадаг хүн байхгүй байхдаа. Одоо хүртэл надтай хэрүүл хийж байгаа. Би тэдэнд хэлсэн. "Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс 3-4 дахин өндөр цалин авч байгаагаасаа ичээч" гэж. Гэхдээ өндөр байгааг нь зөв тайлбарлах хэрэгтэй.

Уул уурхайн компани бусад газруудтай өрсөлдөхүйц цалинтай байх ёстой. Жишээ нь "Энержи ресурс"-д өгч байгаа цалинтай ядаж ойролцоо байхгүй бол энд хүн ажиллахгүй. Төр гэхээрээ л бага цалинтай байж болохгүй.

Би зөвлөх хийж байхдаа 3.5 сая төгрөг авдаг байсан. Гэтэл олон улсын байгууллага "Дэлхийн банк"-нд ажиллаж байхдаа $6000 авдаг байлаа. Мэддэг чаддаг юм байвал улсдаа хэрэгтэй байя гээд л тэр цалингаасаа татгалзсан гэсэн үг. "Эрдэнэс Монгол"-ын захирлын цалинг ТУЗ-аас 35 сая төгрөгөөр тогтоосон гэдэг нь худлаа. Хамаагүй бага.

Агуулгын хувьд ТУЗ-аас асуудлаа шийдэж, ядаж хувийн хэвшилтэй ойрхон цалинтай байх ёстой. Үгүй бол ийм хэл амтай газар хүн тогтохгүй. 30 орчим уул уурхайн компанийн өдөр тутмын менежментийг хийх, учрыг нь олно гэдэг стресс, ачаалал, уулзалтын хувьд өндөр. Хэн хүн ийм ажлыг хүсэж, хийхгүй. Жишээ нь уул уурхайн компанийн захирлууд сардаа 40-60 сая төгрөгийн цалин авч байна. Хувийн хэвшил хөдөлмөрийг нь үнэлж байгаа хэлбэр шүү дээ.

-Таны улстөрийн амбиц хаашаа чиглэж байна вэ. "Эрдэнэс Монгол" бол маш том нэгдэл. Энэ компанийг удирдаж байх хугацаандаа юуг хийхийг зорьж байна?

-Байгаа дээрээ ганц хоёр төслийг нь урагш явуулчих юм сан, тогтолцоо бүтцийг нь зөв болгочих юм сан л гэж зорьж байна. Ерөнхийдөө боловсон хүчний дутагдалд орчхоод байна шүү дээ, манай ихэнх төр, хувийн хэвшлүүд.

Би ирээд 20 гаруй хүнийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь явуулсан. Эргээд би таван хүн л шинээр ажилд авсан. Тэднээс гурав нь газрын захирал, төр томилсон. Намайг ирэх үед хоёр газрын захирал нь нуруугаа авхуулаад гарч байсан. "Явмаар байна, хэцүү байна" гээд. Тэр хоёр хүний оронд түр томилгоогоор, сонгон шалгаруулалт зарлатал дөрвөн хүнийг гол, гол газрууд дээрээ томилсон. Ганцаараа галтай сэдвүүд дээр бодож, ажиллаж амжихгүй нь мэдээж байсан болохоор. Яагаад тэр хүмүүсийн шууд томилсон бэ гэж асууж магадгүй. Тэд шалгарсан хүмүүс байсан, харин ч энэ хэл амтай компанид ирсэнд нь баярлахаар. Ирэхэд нь ажлыг нь заах шаардлагагүй, шууд ажлаа хийгээд явж байгаа. Яам, Тамгын газар дээр очиход хүмүүс хүндэлнэ, үгийг нь сонсоно, нам бус цэвэр мэргэжлээрээ явсан хүмүүс.

Энэ бүтцээр л үйл ажиллагааг нь, тогтолцоог нь цэгцлэх зорилготой байгаа. Мэдээж уул уурхайн том төслүүдийн талаар олон хүмүүс ярих байх. Алтны хоёр, гурван төслүүдийг урагш түлхэх зорилготой байгаа. Яагаад гэвэл алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчхээд байна. "Бортээг" гэх улстөржсөн ордыг олон улсын нээлттэй жишгээр явуулаад үзье. "Тавантолгой"-н асуудлыг олон жил ярилаа. Нээлттэй болох тал дээр нь анхааръя. Хэрэв 2030 оноос нүүрс гаргалт буурчихвал монголыг тэжээдэг гол зүйл хэцүүднэ. Хоорондын өр авлагыг нь бууруулах, төрд ирэх ногдол ашгийг нь шахаж авъя гэх зэрэг гол зорилгууд бий.

Миний улстөрийн амбиц гэхээс илүүтэйгээр монголыг тэжээж байгаа салбар, Төрийн өмчит компаниудыг ядаж тогтолцоо, үйл ажиллагааг нь чадавхжуулах, олон туршлагатай хүмүүсийг ажиллуулж, засах ёстой зүйлсээ засаж, сайжруулаад явахыг л эрмэлзэж байна. Алив зүйл цаг хугацаатай. Би энд удах үгүй нь цаг хугацааны л асуудал. Байгаа дээрээ чадлаараа л зүтгэнэ, бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх, институцыг бүрдүүлнэ.

-Эдийн засгийн үр өгөөжийн хувьд?

-"Эрдэнэс Монгол" нэгдлийг том зургаар нь харахад 20 гаруй их наядын асуудал яригдана. Монголын эдийн засгийн ерөнхий байдлаараа чирж яваа гэж хэлэхэд болно. Төсвийнхөө 70-80 хувийг бүрдүүлж байна. Бүх цалин мөнгө, тэтгэмж, тэтгэвэр эндээс гардаг. Бусад салбарууд нийлээд нийлээд 20 орчим хувийг л бүрдүүлж байгаа. Байгаль орчинд хор хохирол учруулж байсан өмнөх түүхүүдээрээ уул уурхайн салбар чичлүүлсээр ирсэн ч ойрын хэдэн жилдээ үүнээс өөр хөрөнгө бүрдүүлэх салбар манай улсад үгүй л байгаа шүү дээ.

Бэлэн төсөл гэвэл дээр хэлсэнчлэн алтны хоёр төслийг урагшаа зүтгүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Гол нь зарчмаа ил тодорхой байлгах хэрэгтэй байгаа. Үгүй бол "идэх" гэж байна гээд хардаад эхлэх байх. Нэг нь "Хойд бүргэд" гэх 50 тоннын алттай орд. Нөгөө нь "Хүрэн цав" гэх 10 тоннын алтны төсөл. Энэ алтны үнэ өссөн цонх үеийг бид ашиглах хэрэгтэй.

Эцэст нь Төрийн өмчит компаниудынхаа тоог цөөлнө. Үр ашиггүй 4-5 компанийг татан буулгаж, давхардсан үйл ажиллагааг нэгтгэмээр байгаа.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

О. Онон
МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-05-01