Монголбанк: Инфляц 9.9 хувьд хүрч болзошгүй байна www.itoim.mn
Энэ оны гуравдугаар сард инфляц 7.4 хувьтай гарахад мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улирлын шинжтэйгээр хавар, зуны эхэн сард мах, хүнсний ногооны үнэ өсдөг нь инфляцыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. Мөн геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлын нөлөөгөөр энэ сараас АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ дунджаар 30 орчим хувиар өссөн. Дизель түлшний үнэ гэхэд 34 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна бордооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд байгаа нь хүнсний ногооны ургацад сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Эдгээр хүчийн зүйлсийн улмаас энэ улиралд инфляц зорилтот түвшнээс давах эрсдэл байгааг Монголбанкнаас онцолж, жилийн инфлцыг 9.9 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж буйгаа эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг танилцуулах үеэрээ мэдээллээ.
Тэгвэл энэхүү өсөлтийг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй байх тал дээр Төв банкнаас ямар бодлого барих вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Зах зээлийг тогтвортой байлгах, стратегийн болон үйлдвэрлэлийн орцын бараа бүтээгдэхүүний импортын төлбөр тооцоог саатуулахгүй байх, мөн валютын ханшид дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна. Төв банкнаас янз бүрийн хөтөлбөрөөр дамжуулан зах зээлд нэмэлт мөнгө нийлүүлэхээс зайлсхийж, гадаад хүчин зүйлээс үүдэлтэй инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна.
Гадаад шок-ын эрсдэл өндөр байгаа энэ үед үнэ тогтворжуулах, ханшид хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг арга хэмжээ авах нь тохиромжгүй. Ер нь үнэ тогтворжуулах хөтөлбөр нь маш буруу. Харин үүнээс илүү нийлүүлэлтийнхээ бүтэн сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэж бизнесийг болон ард иргэдээ дэмжих ёстой. Бидэнд хаана дутагдал үүсэж байна вэ, төрийн оролцоог яг хаана хийх ёстой юм. Ямар дэмжлэгтэй байх вэ гэдгийг бодох л хэрэгтэй
Инфляцад нөлөөлж буй гол бүрэлдэхүүн нь дотоодын бараа бүтээгдэхүүн. Тухайлбал, мах, хүнсний ногооны инфляцын өсөлт голлон нөлөөлж байна. Тэр дундаа төмс 80 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр манай хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэтийн сүлжээнд асуудал байна. Нийлүүлэлтийн хомсдол бий болсноос шалтгаалж инфляц бий болж байна гэсэн үг. Гэтэл олон жил хөдөө аж ахуйн салбарт татаастай, хөнгөлөлттэй зээл тасралтгүй олгож ирсэн. Энэ нь өөрөө зөв шийдэл биш. Бид ямар бодлого руу төвлөрөх ёстой вэ гэвэл төмс, махны нийлүүлэлтийн сүлжээг бүрэн бий болгох ёстой. Тэгэх юм бол ийм асуудал үүсэхгүй. Жилийн дөрвөн улиралд тогтвортой нийлүүлэлт хангагддаг тогтолцоог бий болж чадах юм бол ийм савалгаатай зүйл болохгүй” гэв.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-01





