УИХ: Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг унагав www.news.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.30/ нэгдсэн хуралдаанд 89 гишүүн ирж, ирцээ бүртгүүлснээр эхлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Энхтүвшин нарын санаачлан өргөн мэдүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахын өмнө УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн агуулга, үзэл санааг харахад өрсөлдөөнийг хумьсан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хумьсан, Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллагад төрийн эрх мэдлийг хэрхэн яаж шилжүүлэх вэ гэдэг ийм үзэл баримтлалтай төсөл болжээ гэдгийг гол оролцогч талууд хэлж, эсрэг байр суурьтай байгаа. Энэ бүгдээс харахад төслийг хууль санаачлагчид буцаагаад дахиж бизнесүүдийнхээ оролцоотойгоор төслийг эргэн өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй юм болов уу гэдэг байр суурь давамгайлж байсныг мэдээлэл болгож хэллье” гэлээ.
Үүний дараа Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул буцаах тогтоол батлав.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-04-30





