Ипотекийн гацаа бол санхүүжилтийн биш тогтолцооны асуудал www.itoim.mn
Ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой хүндрэл манайд шинэ зүйл биш. Жил бүр тодорхой хугацаанд эх үүсвэр саарч, зээл олголт гацдаг цикл аль хэдийнэ бий болсон. Энэ жилийн хувьд асуудал илүү хурцдаж, санхүүжилт бүрэн тасалдсан нь гол бэрхшээл болж байна. Банкуудын дийлэнх нь эх үүсвэр хүлээгдэж байна, санхүүжилт орж ирээгүй гэх тайлбар өгч, шинэ зээл олгох боломжгүй байгаагаа илэрхийлж буй. Үүний улмаас иргэд гурваас дөрвөн жил нүдээ ширгэтэл хүлээсний эцэст зээл нь батлагдсан ч дахиад тодорхойгүй хугацаагаар хүлээж байна.
Одоогийн нөхцөлд банкуудын зээл олголт жигд бус байна. Зарим арилжааны банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож байгаа бол нөгөө хэсэг нь бүрэн зогсоожээ. Тодруулбал, нэг хэсэг нь зөвхөн тус банктай гэрээтэй барилгын компаниудын орон сууцыг сонгосон тохиолдолд зээл олгож байна. Өөр нэг нь иргэдийн материалыг бүртгэхээс өөр ахицгүй байгаа бөгөөд хүлээлгийн жагсаалт улам уртсаж байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авах боломж нь банкнаас төдийгүй, тухайн банкны санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрээс шууд хамаарч байна.
Оны эхний дөрөвдүгээр сард 187 тэрбум төгрөгийн зээл олгосон
Ипотекийн зээлийг Монголбанк, Хуримтлалын сан, арилжааны банкууд хамтран санхүүжүүлдэг. Өнгөрсөн онд дээрх эх үүсвэрүүдээс нийт 1.1 их наяд төгрөгийн зээлийг 9000 гаруй өрхөд олгосон бол энэ онд нийт 1.2 их наяд төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөжээ. Монголбанкнаас мэдээлснээр ипотекийн санхүүжилтийг олгож буй бөгөөд оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 187 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлээд байна. Харин Засгийн газрын зүгээс энэ чиглэлд тодорхой шийдвэр гаргаагүй бөгөөд Төв банкны зүгээс Хуримтлалын сангийн эх үүсвэрүүд үе шаттайгаар орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
Орон сууцны банкны тухай хуулийг боловсруулж дууссан
Бага дунд орлоготой иргэдийг дэмжих зорилготой ипотекийн хөтөлбөр 2013 оноос хойш нийт 140 мянга орчим өрхийг орон сууцтай болгосон нь бодит үр дүн мөн. Гэвч нөгөө талдаа уг хөтөлбөр нь зах зээлд үнийн гажуудал, инфялцыг дарамтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөг давхар бий болгосон. Оны эхний хоёр сарын байдлаар л гэхэд ипотекийн зээлийн хүлээгдэж буй хүсэлт 5.5 их наяд төгрөгт хүрсэн нь одоо олгож буй зээлийн хэмжээнээс 3.6 дахин өндөр үзүүлэлт юм. Энэ нь эрэлт жил бүр нэмэгдэж, харин санхүүжилтийн хязгаарлалт хуримтлагдсан байгааг тод харуулж байна. Орон сууцны зээлийн тогтолцоог өөрчилж, ипотекийн журамд өөрчлөлт оруулах тухай асуудал олон жил яригдаж буй. Ялангуяа сүүлийн жилүүдэд Орон сууцны банкны тухай хуультай болох ажил эрчимтэй явагдаж, холбогдох газруудаас тус төслийг боловсруулаад байна. Хэрэв энэ төсөл УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдэн батлагдвал ипотекийн тогтолцоог өнөөгийн төвлөрсөн, төрийн өндөр оролцоотой загвараас илүү зах зээлийн суурьтай систем рүү шилжүүлэх томоохон өөрчлөлт эхлэх аж.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, "Шинэчлэлийн гол санаа нь ипотекийн зээлийг либералчлахад оршиж байна. Энэхүү ойлголтыг зөвхөн чөлөөлөх гэж хялбаршуулж тайлбарлах боломжгүй. Одоогийн нөхцөлд энэ хөтөлбөр нь зорилтот хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс үүний эх үүсвэрийг эрүүл, хэрэгцээнд нь тохирсон хөтөлбөр болгоно. Ер нь бусад зах зээлийг бий болгоно гэсэн үг. Төрөөс хүчээр барьж буй салбар доголддог жишгээр ипотек ч тав зургаан жилдээ хэзээ ч гардаггүй түвшинд хүрсэн. Гэр хороололгүй, утаагүй, түгжрэлгүй болох зорилтын аль нь ч биелээгүй. Орон сууцны банкны тухай хуулиар үүнийг зөв голдрилд нь оруулна. Тухайн банк хэрэглэгчдэдээ тохирсон бүтээгдэхүүн болон урт хугацааны эх үүсвэрийг бий болгож, бодлогын дэмжлэгийг үзүүлээд явна” гэв.
Шийдэл хойшлох тусам эрсдэл нэмэгдэнэ
Ипотекийн зээл нь орон сууцжуулалтын гол хэрэгсэл. Гэвч өнөөгийн байдлаар санхүүжилтийн тасалдал, тодорхойгүй байдал үргэлжилсээр байвал иргэдийн хүлээлт улам уртсаж, орон сууцны үнэ тэр хирээр өснө. Түүнчлэн олон жилийн хүлээлт нь зах зээлийн гажуудал, шударга бус хуваарилалт, тэр дундаа авлигын сэдлийг улам бүр өөгшүүлнэ. Ийм нөхцөлд тогтолцооны шинэчлэлийг хойшлуулах бус, богино хугацаанд тодорхой шийдэлд хүрэх шаардлага улам бүр хурцаар тавигдаж байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-01





