Хууль бусаар эзэмшиж байсан 15 объектыг нийслэл буцаан авчээ www.news.mn
Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 15 барилга байгууламжийг буцаан авч, нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Нийтдээ 6 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эдгээр хөрөнгийг эргүүлэн авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Тодруулбал, 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Одоогоор өмч хөрөнгөтэй холбоотой найман хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа аж.
Буцаан авсан объектуудын дунд Төв цэнгэлдэх хүрээлэн, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд, Урт цагаан худалдаа үйлчилгээний төв, Өргөө зочид буудал зэрэг багтаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилснаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Баянгол дүүргийн Шуудангийн 24 дүгээр салбарын байрыг хууль бус дам түрээсээс чөлөөлөн дуудлага худалдаагаар худалдаж, 1.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Түүнчлэн “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр байсан объектыг дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлого олсон бол “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлөн дахин түрээслэх замаар орлого төвлөрүүлж эхэлжээ.
2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас гурван барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Мөн өмч хувьчлалын жагсаалтаас зургаан барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлэжээ.
Одоогоор БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Соёлын төв өргөөний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байгаа аж.
Нийтэлсэн огноо2026-05-17





