Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөллөө www.news.mn
Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлж байгаагаа мэдэгдлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд махны үнийг зохиомлоор үүсгэсэн гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг буруутган дээрх шийдвэрийг гаргаж байгаа аж. Ерөнхий сайд өнөөдөр Хүчит шонхор захад ажиллахад нэг кг цул үхрийн мах 40 мянган төгрөгт хүрсэн байгаа аж.
Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнгөрсөн жил нийслэлээс 8000 тонн нөөцийн мах бэлтгэж байсан бол өнөө жил 5000 тонныг бэлтгэсэн гэж байгаа ч 2400 тонн мах нийлүүлэгдээгүй. Нөөцийн махыг 600 цэгээр дамжуулан худалдаалж байгаа гэсэн ч цэгүүд дээр нөөцийн мах худалдаалаагүй.
Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэсэн ч хоёр компани нь нэг эзэнтэй зэрэг ноцтой асуудал хяналт шалгалтын шатанд илэрсэн байна. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлж байгаа аж.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
Нийтэлсэн огноо2026-05-17





