Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ www.gogo.mn
Эрдэнэтийн Үйлдвэр технологийн паркийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулж, зэс хайлуулах үйлдвэрийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулав.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн ган боловсруулах үйлдвэрийг барихаар бэлтгэл ажил эхлээд байна.
-Зэс хайлуулах үйлдвэрийг хэдэн жилийн хугацаанд барьж дуусгах вэ?
-Техник эдийн засгийн үндэслэлээр манай орны цаг уурын нөхцөлд тохируулан тооцвол барилга угсралтын ажил 30-32 сар үргэлжлэхээр байна.
-Төслийн гүйцэтгэгчээр дотоодын (Монгол) компаниуд оролцох уу?
-Мэдээж оролцоно. Тодорхой ажлуудад дотоодын компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар төлөвлөсөн.
-Үйлдвэр ашиглалтад орвол хэдэн ажлын байр шинээр бий болох вэ?
-Урьдчилсан тооцооллоор үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр 4000- 5000 орчим ажлын байр шинээр бий болох боломжтой.
-Одоо төслийн шатанд хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Бэлтгэл шатандаа явж байна. Үүнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгж голчлон ажиллаж, бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эхлэх үед ажиллах хүч улам нэмэгдэнэ.
-Эрчим хүчээ хэрхэн шийдэх вэ, жижиг хэмжээний шинэ эх үүсвэр барих уу?
-Үйлдвэр технологийн паркийн хүрээнд бие даасан цахилгаан станц барихгүй. Дамжуулах, түгээх үүрэгтэй дэд станц барина. Цахилгаан хангамжийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан шийднэ, урьдчилсан тооцоогоор 120 мегаваттын чадалтай байхаар төлөвлөсөн.
-Үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт үргэлжлэх үү?
-Зэсийн баяжмалаа түүхийгээр нь уул уурхайн биржээр дамжуулан экспортолж байна. Үйлдвэр баригдсанаар баяжмалыг шууд гаргахаа больж, дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн цэвэр катодын зэс үйлдвэрлэнэ. Катодын зэсийг паркт үйл ажиллагаа явуулахаар сонирхлоо илэрхийлсэн компаниудад зах зээлийн үнээр борлуулах юм. Үүний тулд "Эрдэнэт үйлдвэр" 1,217 га газрыг төлөвлөн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ.
-Тендерт шалгарсан, хятадын компани үйлдвэрийг бариад л буцах уу? Хөрөнгө оруулалтын хувь эзэмшил ямар байх вэ?
-Үгүй, шууд буцахгүй. Сонгон шалгаруулалтын гол зорилго нь үйлдвэрийг барьж дууссаны дараа хамтран эрсдэлээ үүрч, ашиглалтын явцад үүсэх эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээг хамтран хариуцах зарчимтай.
Хамтрагч тал үйлдвэрийн тодорхой хэмжээний хувийг эзэмшинэ. Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн дагуу гадаадын талын эзэмшил 49%-иас дээш гарвал гадаадын хөрөнгө оруулалттай компаниар бүртгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулана.
-Урьдчилсан тооцооллоор төслийн нийт өртөг, хөрөнгө оруулалтын дүн хэд байгаа вэ?
-Батлагдсан техник эдийн засгийн үндэслэлээр төслийн нийт өртөг 772 сая ам.доллар байна.Үүнээс шууд хөрөнгө оруулалт нь 580 сая ам.доллар.Үлдсэн зөрүү мөнгө нь үйлдвэрийн эхний саруудын үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын капитал, барилгын ажлын үеийн зээлийн хүү зэрэг бусад зардал юм.
-Зэс хайлуулах үйлдвэр байгаль орчинд ээлтэй байж чадах уу?
-Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд огт нөлөөлөхгүй буюу "бүрэн ээлтэй" байна гэж үгүй. Харин орчин үеийн техник, технологийн шийдлээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгаж чадна.
-Үйлдвэрээс гарах утаа, хог хаягдлын хэмжээ стандарт шаардлагад нийцэх үү?
-Стандартын дагуу авч үзвэл, манай үйлдвэрийн яндангаас гарах хийн дэх хүхрийн давхар исэл (SO2)-ийн агуулга нь одоогийндулааны цахилгаан станцуудаас гарч буй хүхэрлэг хийн хэмжээнээс хамаагүй бага байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Нийтэлсэн огноо2026-05-28





