100 МВт-ын хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шавыг тавилаа www.gogo.mn
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт барих 100 МВт-ын хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шав тавилаа.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах зорилгоор нэг бодлого, гурван зарчим баримтлан есөн гол ажил хийхээр төлөвлөж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Зарим ажлыг хэдийн эхлүүлсэн. Бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын реформ, Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгох урт хугацааны зорилтыг хэрэгжүүлж, ногоон шилжилтийг эрчимжүүлнэ. Нар, салхины арвин нөөцтэй Монгол Улс эрчим хүч экспортолдог болох нь бодлогын зорилтын нэг юм. Сэргээгдэх эрчим хүч, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжинэ” хэмээн онцоллоо.
“AB solar wind” компанийн хэрэгжүүлж буй энэхүү “Чойр” төсөл нь төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрэлтээс дотоодын цэвэр эх үүсвэрээр хангах, импортын цахилгааны хамаарлыг бууруулах, жилд 2-2.5 сая тонн ус хэмнэх, хүлэмжийн хийг 400-422.5 мянган тонноор багасгах ач холбогдолтой. Төслийн хөрөнгө оруулалт 140 сая ам.доллар бөгөөд станц жилд 375 орчим сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарчээ.
Уг станц нь систем тогтворжуулах хуримтлуурын шийдэлтэй байх аж. Тодруулбал, 40 МВт/160 МВт.ц хуримтлууртай байх агаад энэ нь салхины хэлбэлзлийг зөөлрүүлэх, давтамж, хүчдэлийн чанарт дэмжлэг үзүүлэх, хязгаарлалт, тасалдлын эрсдэлийг бууруулах нөлөөтэйг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Байршлын хувьд “Чойр” дэд станцтай ойролцоо, төвийн бүсийн эрчим хүчний зангилаанд холбогдох боломжтой. Уг төслийг хэрэгжүүлснээр 50 гаруй шууд ажлын байр, 100 орчим шууд бус ажлын байр бий болох юм. Станцын тогтвортой ажиллагааг хангах үүднээс хүчин чадлыг нь 25 МВт-аар нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
Нийтэлсэн огноо2026-06-16





