Гацуурт болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордыг ашиглах тогтоолын төсөл өргөн барив www.eagle.mn
Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсаны улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой аж.
Тогтоолын төслөөр ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахаар тусгажээ. Мөн шинэчилсэн хилийн заагийг газар дээр нь тогтоож, бүртгэлийг шинэчлэх, орд тус бүрийн нөөц, тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, төрийн оролцоо болон Монгол Улсад ногдох өгөөжийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, санхүүгийн баталгааг хангах, олон нийт болон орон нутгийн иргэдийн оролцоог бүрдүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой. Хөрөнгө оруулагч төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлэх санал ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ тооцоог хөрөнгө оруулалтын гэрээ, татварын нөхцөл, төрийн оролцооны эцсийн хэлбэртэй уялдуулан нарийвчилна хэмээн Ж.Энхбаяр сайд танилцуулав.
Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 1 тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох боломжтой гэв. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцооллыг тэрбээр дурдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт 5 тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх аж.
Төслийг эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд танилцууллаа.
Нийтэлсэн огноо2026-06-26





