2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авна www.news.mn
Монгол Улс байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, түүх, соёлын өвийг хамгаалах чиглэлд тодорхой ахиц гаргаж, нийт газар нутгийнхаа 20.8 хувь буюу 32 сая га орчим газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Энэхүү тусгай хамгаалалттай газар нутийг хууль зүйн хувьд дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар гэсэн дөрвөн үндсэн ангилалд хуваан хамгаалж байгаа юм. Энэхүү хүрээнд салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж, менежментийг боловсронгуй болгох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иж бүрэн боловсруулж дуусжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн уг хуулийн төсөл нь өдгөө Улсын Их Хуралд өргөн барихад бүрэн бэлэн болоод байгаа аж.
Монгол улс Дэлхийн биологийн олон янз байдлын суурь зорилтууд болон үндэсний дунд, урт хугацааны хөгжлийн бодлогодоо тодорхой шат дараалсан зорилтуудыг дэвшүүлсэн.
Тухайлбал, 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах, 2050 он гэхэд хамгаалалттай газар нутгийн хэмжээг 35 хувьд хүргэж тэлэх юм.
Эдгээр зорилтуудад хүрэхэд өнөөдрийн өргөн барихад бэлэн болоод буй шинэчилсэн хууль чухал хөшүүрэг болно. Захиргааны болон санхүүжилтийн тогтвортой механизмыг бэхжүүлж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад шинэчилсэн хуулийн тохируулга нэн шаардлагатай байгаа юм. Хууль батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, хамгаалалтын зааг ялгаа тодорхой болж, байгаль хамгааллын салбарт томоохон чанарын ахиц гарна гэж үзэж байна.
Нийтэлсэн огноо2026-07-20





