ҮСХ: Экспорт өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өслөө www.news.mn
Монгол Улс 2026 оны эхний хагас жилд нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.4 тэрбум ам.доллар, экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 588.1 сая ам.доллар, тэнцэл 3.2 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Тодруулбал, экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 2.3 тэрбум ам.доллар, нүүрс 1.4 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 54.1 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 35.9 сая ам.доллар, молибдений хүдэр ба баяжмал 7.9 сая ам.доллар, адууны мах 4.4 сая ам.доллар, богийн өлөн гэдэс 3.2 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Нөгөөтэйгүүр, импорт өмнөх оны мөн үеэс 588.1 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 298.8 сая ам.доллар, автобензин 78.8 сая ам.доллар, шинэ дугуй 35.1 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 31.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин суудлын автомашин 160.0 сая ам.доллар, ачааны автомашин 68.4 сая ам.доллар, ухаалаг гар утас 17.1 сая ам.доллароор тус тус буурсан үзүүлэлтэй гарсан байна.
Нийтэлсэн огноо2026-07-21





