Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 5 дахь удаагаа сунгав www.itoim.mn
Монгол Улсын Төв банк 2011 онд БНХАУ-ын Ардын банктай “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г байгуулж байсан. Анх 5 тэрбум юань буюу нэг их наяд төгрөгийн дүнтэй үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээг байгуулж байв. Дараа нь 2012, 2014 онд тус бүр таван тэрбум юаниар своп хэлцлийн дүнг нэмэгдүүлж, нийт 15 тэрбум юаньд хүргэсэн.
Үндсэн гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр гурван жилээр сунгаж, Монголбанк Хятадын ардын банкнаас авсан 15 тэрбум юанийн өр төлбөрийг хойшлуулсаар ирсэн юм. Талууд 2026 оны долдугаар сард дуусах нөхцөлтэй своп хэлцлийн ерөнхий гэрээний хугацааг дахин гурван жилээр буюу 2029 он хүртэл сунгалаа. Энэ нь 2011 оноос хойш 5 дахь удаагаа сунгаж байгаа тохиолдол юм.
Хятадын ардын банкны сайтад мэдээлснээр Монголбанктай байгуулсан своп гэрээний хэмжээ нь 15 тэрбум юань (2.21 тэрбум ам.доллар) буюу 7.85 их наяд төгрөг гэжээ.
Харин Монголбанкны албан сайтад “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд нөхцөлийг сайжруулан гэрээг сунгаснаар цаашид дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг тодотгожээ.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-07-21





