Төмөр замын трасстай огтлолцож буй цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна www.montsame.mn
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд трасстай огтлолцож буй цахилгаан дамжуулах шугам, тулгуурыг зөөж шилжүүлэх ажил эрчимжиж байна.
Тус төмөр замыг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар Эмээлт, Шувуун фабрик орчмын трассын дагуух цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай өгсөн байна. Одоогоор 10 кВ-ын шугам шилжүүлэх ажил 100 хувийн гүйцэтгэлтэй болж, шилжүүлэхээр төлөвлөсөн 36 цэгийн 25 зөрлөгийг чөлөөлжээ. Мөн 35 кВ-ын шугам шилжүүлэх ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.
Харин 220 кВ болон 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур төмөр замын трасстай огтлолцож байгаа хэсгүүдэд дамжуулагч утсыг хүчитгэх, тулгуурыг зөөж шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, 220 кВ-ын тулгуурыг шилжүүлэх ажлыг “Энх-Өглөө” компани, 110 кВ-ын тулгуурыг шилжүүлэх ажлыг “Виртуалсофт” компани гүйцэтгэж байна. Компаниуд тулгуурын суурийг ухах ажлыг эхлүүлж, төмөр замын трасстай огтлолцож буй анкеруудыг нэн яаралтай шилжүүлэхээр ажиллаж байна.
Дотоодод үйлдвэрлэсэн зарим тулгуурын бетонон суурийг талбайд татан авчирсан бөгөөд шаардлагатай бусад материалыг БНХАУ-аас захиалж, татан авах ажлыг эрчимжүүлж байгаа аж. Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай 10 хоногийн хугацаанд бетонон суурийг суурилуулахад нэн шаардлагатай бэлтгэл ажлуудыг дуусгахыг үүрэг болголоо.
Нийтэлсэн огноо2026-08-21





