Есдүгээр сарын 1-ээс ЕБС-иудад сошиал медиа ашиглахыг хориглоно www.itoim.mn
Монгол Улс 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сошиал медиа ашиглахыг хориглохоор болсныг Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлсэн. Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, ухаалаг утас болон дэлгэцийн хэт хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзжээ.
Шинэ зохицуулалтын хүрээнд сургууль, анги хамт олон нь багш, сурагч, эцэг эхийг оролцуулсан хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой сошиал медиа чат, хуудас ажиллуулахгүй байх юм.
Ингэснээр Facebook, Instagram, TikTok зэрэг платформоор дамжуулан сургууль, ангийн түвшинд мэдээлэл солилцох одоогийн хэлбэр өөрчлөгдөх аж.
Харин Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглах юм.
Боловсролын яам уг арга хэмжээг хүүхдийн онлайн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээс гадна дэлгэцийн хэт хэрэглээг бууруулж, сурагчдын хичээлдээ анхаарах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Нийтэлсэн огноо2026-08-21





